loader

СOVID-19 цар тахалтай холбогдуулан олон улсын түвшинд хорих байгууллагуудын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ

 Ази, Номхон далай

Энэтхэг улсын Засгийн газрын зүгээс СOVID-19 цар тахалтай холбогдуулан хоригдогсдын ар гэрийнхэн нь хорих байгууллагад хүрэлцэн ирж биечлэн уулзахыг хориглож, зөвхөн гар утас, видео уулзалтыг хийх зөвшөөрөл олгожээ. Одоогийн байдлаар Энэтхэг улсын Мадхия Прадеш хорих байгууллагад 19 хоригдол вирусын халдвар авсан болох нь тогтоогдсоноос хойш нийтдээ 8 хорих байгууллагад онцгой дэглэм тогтоож эдгээр 19 хоригдолтой ойр байсан 250 орчим хоригдлыг тусгаарлажээ.

          Бангладеш улсын хорих байгууллага нь СOVID-19 цар тахлаас сэргийлэх зорилгоор 3-6 сарын хугацаатай хорих ял шийтгэгдсэн 395 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг гаргасан бөгөөд цаашилбал нэг жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн 2884 хоригдлыг суллахаар төлөвлөж байна.

          Филиппины хорих байгууллагууд нийтдээ 215,000 орчим хоригдогсдыг хариуцдаг бөгөөд СOVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд нийтдээ 10,000 орчим хоригдлыг суллажээ.

          Европ, Америк тив

          АНУ-ын Холбооны хорих товчооны харьяа хорих байгууллагуудын 141,606 хоригдол болон 36000 гаруй албан хаагчид ажилладаг бөгөөд одоогийн байдлаар 2066 хоригдол болон 306 албан хаагч СOVID-19 вирусын халдвар авсанаас 561 хоригдол болон 149 албан хаагчид эдгэж, 41 хоригдол нас бараад байна. Нийтдээ 2700 орчим хоригдолд вирусын шинжилгээ хийснээс 2066 хоригдол буюу 70 хувь нь вирусын халдвар авсан гэдэг нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.

          АНУ-ын хэмжээнд нийтдээ СOVID-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 16000 гаруй хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хэмжээнд 293 албан хаагч, 393 хоригдол СOVID-19 вирусын халдвар авсан бөгөөд 15 хоригдол, 5 албан хаагч нас баржээ. Тус улсын хэмжээнд нийт хоригдогсдын 5 хувь буюу 4000 орчим хүнийг суллах төлөвлөгөөтэй байсан боловч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас 30 хоригдлыг суллаад байгаа аж. Мөн түр зуур ашиглах зорилготой нэмэлт 1000 хорих өрөөг бий болгохоор ажиллаж байна.

Франц улсын Хорих байгуулллага нийт 71000 гаруй хоригдлынхоо тоог багасгаж одоогийн байдлаар 10000 орчим хоригдлыг хугацаанаас өмнө суллаж, нийт хоригдлын тоог 61000 орчим болгож бууруулах хүсэлтээ хууль тогтоогч, эрх баригчиддаа уламжлаад байна. Одоогийн байдлаар нийт 101 хоригдол, 259 албан хаагчид СOVID-19 вирусын халдвар авсан бөгөөд 1 хоригдол, 1 албан хаагч нас баржээ.

          Канад Улсын Холбооны хорих байгууллагын хүрээнд 170 хоригдогсод болон 10 орчим алба хаагчид COVID-19 халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд Онтариа мужийн хорих байгууллага 8465 хоригдогсдоос 2300 гаруй хоригдогсдыг суллаж 6025 хоригдогсод болгон бууруулжээ.

Португаль улсын хэмжээд COVID-19 вирусын халдвараар 24322 хүн өвчилж 924 хүн нас барсан. Тус улсын хорих байгууллагын 13 алба хаагч вирусын халдвар авсан боловч хоригдлуудад халдвар тархаагүй байна. Цар тахлаас сэргийлэх зорилгоор нийт 1867 хоригдолд өршөөл үзүүлж хугацаанаас нь өмнө суллахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 1179 хоригдолд өршөөл үзүүлжээ. Ойрын хугацаанд 674 хоригдолд өршөөл үзүүлэхээр тогтсон байна.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсад вирусын халдвар хурдацтай тархаж байгаатай уялдуулан яаралтай арга хэмжээг авч өнгөрсөн хугацаанд нийт 85000 орчим хоригдлуудыг сулласан байна.

Африк тив

Нийт 80000 орчим хоригдогсодтой Хойд Африкийн Морокко Улсын хорих байгууллагын хэмжээнд 258 хоригдол 83 албан хаагчид нийт 341 вирусын халдвар авсан талаар бүртгэгдсэн.

Сиерре Леон улсын хорих байгууллагад COVID-19 сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож, эргэлт уулзалтыг хориглоод байсан боловч цар тахлын анхны тохиолдол нь 1000 орчим хоригдолтой Фритауны хорих ангид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдлээ. Үүнээс шалтгаалан 04 дүгээр сарын 30-ны өдөр Фритауны хорих байгууллагад олон тооны хоригдлуудыг хамарсан эмх замбараагүй байдал, бослого гарч, бослогыг дарах явцад хорих байгууллагын нэг алба хаагч амиа алдсан хэрэг гарчээ. 

Монгол Улс

Шинэ төрлийн коронавирусын Covid-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамны веб хуудас /http:/ /www.mohs.mn/news/, фейсбүүк цахим хуудас /http:/ /www.facebook.com/ /www.mohs.mn/-нд байршуулсан зөвлөмж, цаг үеийн мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээллээр алба хаагч, хоригдол, яллагдагчдыг тогтмол хангаж байна.

Алба хаагч болон хоригдол, хоригдогсдод сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Зөвлөмж” боловсруулан хорих анги, байгууллагад хүргүүлж ажиллалаа.

Эрүүл мэндийн яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1-4/725 дугаар зөвлөмжийн дагуу алба хаагч, хоригдол, хоригдогчдод амьдралын бүс, хорих өрөө болон эмнэлгийн орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжилтийг хэрхэн хийх талаар сургалтын видео бэлтгэн хорих анги, байгууллагуудад хүргүүлж, холбогдох арга хэмжээг зохион байгуулан цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийлгэж, ариутгалын бодисыг автомаксаар агаарт дуслан тоосонцор үүсгэх хэлбэрээр халдваргүйжүүлэх ажлыг хийж хэвшүүлсэн.

Хорих анги, байгууллагыг зайнаас халуун хэмжигч багаж, амны хаалтаар бүрэн хангаж, албан хаагч болон хоригдол, хоригдогчийн биеийн халууныг өдөр бүр тогтмол хэмжин, тандах хуудсаар тэмдэглэн, бүртгэл хөтөлж, гар ариутгах бодисыг байр, өрөөнд байршуулсан. Мөн хорих анги байгууллагад нэвтэрч буй иргэдийн гарыг ариутган, халууныг хэмжиж хэвшсэн. Мөн хорих анги, байгууллагуудыг амны хаалтаар хангах зорилгоор зарим хорих ангиудын дотоодын нөөц боломжид тулгуурлан 15.000 ширхэг амны хаалтыг стандартын дагуу оёж нөөцөлсөн.

Хорих ял эдлэгсэд болон хоригдогчдын эргэлт уулзалтыг түр хугацаагаар зогсоогоод байна. Монгол Улсын хэмжээнд хорих анги, байгууллагад хоригдож байгаа хоригдогсдыг гэр бүлийн гишүүд болон төрөл садантай нь байгууллагын суурин утсаар яриулахаас гадна цахим хэлбэрээр уулзуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн алба хаагч болон хоригдол, хоригдогчдын хоолны орцод дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн /адууны мах, аарц, чацаргана/-ийг нэмэлтээр хэрэглээд байна.

Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд бусдаас тусгаарлах өрөөг гаргаж, нэмэлт сэргийлэлтийн арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, шаардлагатай эм, тарианы нэг сарын нөөцийг бүрдүүллээ. Хүнд, хүндэвтэр өвчтэй, жирэмсэн болон нярай хүүхэдтэй эмэгтэй, өндөр настай, өвчний учир анхаарал татсан, сахилгын байранд хоригдож байгаа хоригдол, хоригдогчдод тогтмол хяналт тавьж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд