loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/187 дугаар тушаалын дагуу тус Ерөнхий газрын ЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ нар 2019 оны 11 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд ОХУ-ын Резянь хотод томилолтоор ажиллалаа.

ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албанаас тус албаны сургалт, судалгааны үндсэн төв болох Резянь хот дахь ХЯЭА-ны Академитай хамтран хоёр жил тутам бүс нутгийн болон бусад улс орны хорих байгууллагын төлөөллийг хамруулан “Гэмт хэрэг, ял шийтгэл, засан хүмүүжүүлэх ажил” сэдэвт олон улсын форумыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн форумд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл албан ёсоор уригдан оролцож илтгэл хэлэлцүүлсэний зэрэгцээ үндсэн болон салбар хуралдаан, мэргэжлийн чиглэл тус бүрээр зохион байгуулагддаг хэлэлцүүлгүүдэд амжилттай оролцлоо.

Форумын үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Монгол Улс, Бүгд Найрамдах Молдав Улс, Бүгд Найрамдах Финлянд Улс, Швейцарын Холбооны Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Армен Улс, Бүгд Найрамдах Азарбайжан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Белорусь Улс, Бүгд Найрамдах Тажикстан Улс зэрэг гадаадын 14 улсын хорих байгууллагын 60 гаруй төлөөлөгч, ОХУ-ын 6 мужийн хорих байгууллага, 8 салбар сургалтын байгууллагын 400 орчим судлаач, практик ажилтнууд оролцлоо.

Энэхүү форум нь ОХУ-ын Резянь хотноо дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээний ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээрх онол, практикийн ололт амжилтыг хуваалцах, тулгарч буй сорилт бэрхшээлийг шинжлэх ухааны үүднээс хэлэлцэх үндсэн арга хэмжээний нэг болон хэвшиж байгаа бөгөөд цаашид ч тогтмол зохион байгуулан орчин цагийн хорих байгууллагын үйл ажиллагааны хөгжилд түлхэц болох бүхий арга замыг эрэлхийлэх зорилготой байгаагаа форумыг зохион байгуулагч илэрхийлсэн.

Форумын үйл ажиллагаанд ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албаны удирдлага, бүс нутгийн засаг захиргааны болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцон амжилт хүссэний зэрэгцээ ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ болж өргөжиж байгааг онцлон тэмдэглэж байлаа.

Энэ удаагийн форумд Монгол Улсын ШШГБ-ыг төлөөлөн ЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга, доктор(Ph.D), хурандаа Ц.Очгэрэл “Сэтгэл зүйн асуудал бүхий хоригдолтой ажиллахад анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцсон.

Форумын үйл ажиллагааны явцад ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албаны Академийн захирал, хошууч генерал Крымов Александр Александрович Монгол Улсын төлөөлөгчдийг тусгайлан хүлээн авч уулзлаа. Тэрбээр форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархлаа илэрхийлэхийн ялдамд цаашид ч форум болон форумын хооронд зохион байгуулагддаг бага хурлын үйл ажиллагаанд МУ-ын хорих байгууллагын төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн сургалт, судалгааны чиглэлээр хоёр улсын хорих байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын талаас сонсогч, суралцагчдыг өөрийн академийн олон талт үйл ажиллагаанд оролцуулахад бэлэн байгаагаа хэлж байлаа.

Форумын үйл ажиллагааны явцад ШШГЕГ-ын төлөөлөл Бүгд Найрамдах Молдав Улс, Бүгд Найрамдах Финлянд Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Белорусь Улсын хорих байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэргэжлийн үйл ажиллагааны хөгжил, цаашдын хамтын ажиллагааг сургалт, судалгааны чиглэлд өргөжүүлэх боломжийн талаар ярилцан санал солилцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд