loader

Хууль сахиулахын их сургууль, ШШГЕГ-ын судлаач, албан хаагчдын чадавхжуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа

ХСИС, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Koica)-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “ХСИС-ийн хорих ял эдлүүлэх чиглэлийн судлаачдын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт 2018 оны 06 дугаар сарын 17-30-ны өдрүүдэд  БНСУ-ын Хууль зүйн хүрээлэн дээр амжилттай зохион байгуулагдлаа.

ХСИС болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Koica)-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2015 оноос ХСИС-ийн хорих ял эдлүүлэх мэргэжлийн багш, судлаачдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах талаар сургалтын төсөл боловсруулан хүргүүлж, төслийн үр дүн, агуулга, ач холбогдлын талаар танилцуулах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах хэлбэрээр ажилласны дүнд 2016 онд албан ёсоор дэмжигдэн уг сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Энэхүү төслийн хүрээнд 2017 онд ХЗЯ, ШШГЕГ, ХСИС-ийн нийт 34 албан хаагчийг БНСУ-д сургалтанд амжилттай хамруулсан бөгөөд 2018 онд 20, нийт 54 албан хаагч хамрагдаад байна. 


Сургалтын нээлт, хаалтын үйл ажиллагаанд БНСУ-ын ХЗХ-ийн захирал Ан Ми Ён, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Со Ду Жон, сургалтын багийн менежер Ким Чол Су, сургалтын багийн чиглүүлэгч, профессор Пак Вон Гю болон албаны бусад хүмүүс оролцож хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад талархлаа илэрхийлэн ХСИС-ийн сургалт, судалгааны ажилд амжилт хүсч байлаа.

Сургалтын багт ХСИС-аас төслийн санаачлагч, сургалтын багийн ахлагч, ХСУА-ийн профессор, доктор (Ph.D), хурандаа Ц.Очгэрэл, ШШГС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Г.Баттулга, ХСУА-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын ахлах багш, ахмад Г.Наранбаяр нарын 11, ШШГЕГ-аас Завхан аймаг дахь ШШГГ-ын дарга, дэд хурандаа Б.Ууганбаатар, Төв аймаг дахь ШШГГ-ын дарга, дэд хурандаа С.Өлзийбат нарын 9, нийт 20 судлаач, албан хаагч тус тус хамрагдлаа.

Сургалтын үйл ажиллагаа БНСУ-ын ХЗХ-ийн Сөүл дэх салбар болон төв байранд зохион байгуулагдсан бөгөөд тус улсын хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээрх үндсэн сэдвүүдийн хүрээнд лекц, семинарын хичээлүүд явагдсан. Тухайлбал, БНСУ-ын Хорих ял эдлүүлэх ажиллагааны ойлголт, тогтолцоо, хоригдлыг ангилан хуваарилах тогтолцоо, хорих байгууллагын олон улсын хамтын ажиллагааны агуулга, чиглэл, хоригдлыг чадавхжуулах, сурган дадлагажуулах тогтолцоо, БНСУ-ын засан хүмүүжүүлэх ажиллагааны түүхэн хөгжил, ял шийтгэгдсэн болон хянан харгалзсан, тэнсэн суллагдсан этгээдийг хянах “Цахим хяналтын тогтолцоо”, хорих байгууллага дахь хүний эрхийн асуудал, хоригдолд чиглэсэн үйлчилгээ зэрэг сэдвүүдийн хүрээнд БНСУ-ын хорих ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, арга хэлбэр, тогтолцооны асуудлыг багтаасан танхимийн хичээлүүд орсон бөгөөд багш, судлаачдын хувьд онол, арга зүйн олон асуудлыг харьцуулан судлах боломжийг олгосон, олон талт мэдээллийг багтаасан ач холбогдол бүхий хичээлүүд байлаа.

Түүнчлэн суралцагч нар сургалтын хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Хууль зүйн хүрээлэнгийн сургалтын төв байр (Main campus), салбар хэсгийн сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөл, Чонан дахь Нээлттэй хорих анги, БНСУ-ын ХЗЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын харьяа Цахим хяналтын төв, Хвасан дахь цагдан хорих нээлттэй хорих анги зэрэг байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцсан байна.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Koica)-аас дэмжин зохион байгуулагдсан энэ удаагийн ХСИС, ШШГЕГ-ийн хамтарсан багийн сургалт төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу явагдаж, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүллээ. Сургалтын үр дүнгээр олж авсан мэдлэг, туршлагыг сургалт, судалгаа, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх, БНСУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит үр дүнг бий болгосон арга хэмжээ болсоныг тэмдэглэж байна.



 

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд