loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

                    ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

          Монгол оронд 1921 онд Ардын хувьсгал ялж Ардын Намын төв хороо, түр Засгийн газрын хамтарсан хурал 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл хүрээнээ болж Засгийн газрын яамдыг шинээр байгуулахад дотоод, гадаад, ерөнхий гэсэн гурван хэлтэстэйгээр Шүүх яамыг байгуулсан байна. Энэ яамны ерөнхий хэлтсийн харьяанд “Гяндан салаа”-г байгуулснаар одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны эх үүсвэр тавигджээ.

          Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өнгөрсөн 95 жилийн хугацаанд хэрхэн нэрлэгдэж ирсэнийг танилцуулъя. 1921 оноос гяндан салаа; 1936 оноос Улсын төв засан сайжруулах газар; 1940 оноос Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангиудыг удирдах газар; 1956 оноос Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс; 1963 оноос Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газар; 1981 оноос Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газар; 1992 оноос Монгол Улсын Хорих байгууллагуудыг удирдах газар; 1996 оны 12 дугаар сараас Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, 2002 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэж тус тус нэрлэгдэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяалал нь 1921 оноос Шүүх яаманд, 1936 оноос Дотоод явдлын Яаманд /хожмоо НАХЯ/, 1985 оноос НАХЯ-ны Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газарт, 1991 оноос Монгол Улсын  Хууль зүйн яамны эрхлэх ажлын хүрээнд харьяалагдан төрөөс хүлээлгэсэн онцгой, хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байна. 


ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ЧИГ ҮҮРЭГ, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь шүүхийн болон хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх талаар төрөөс тодорхойлсон бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Ерөнхий газрын үйл ажиллагааг нэгтгэж, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий төрийн тусгай албанд хамаарагдах байгууллага бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуульд заасан эрүү, иргэний болон захиргааны хэрэг, түүнчлэн хуульд заасан бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг нэгтгэн зохион байгуулах үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтанд Тогтоол гүйцэтгэх газар, Шийдвэр гүйцэтгэх газар, Захиргааны удирдлагын газар, Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газар, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

          Шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дэлхий нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлж, олон улсын жишигт хүргэх.

Үйл ажиллагааны стратегийн зорилт

Хүний эрх, эрх яөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих, сахиулах үүрэгтэйг анхааралдаа явч, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн чиглэлээр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, конвенци, пакт болон Монгол Улсын хууль тогтоомжийн зорилгыг биелүүлэх, түүний заалтыг хэрэгжүүлэх.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, удирдлагын манлайллыг хангах, хяналт-шинжилгээ хийх, үнэлж дүгнэх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг мэргэшүүлж, алба хаах нөхцөл, нийгмийн хамгааллыг бүрдүүлэх

Хорих, баривчлах ял болон хорихоос өөр төрлийн ялыг албадан эдлүүлэх, сэжигтэн, яллагдагчийг  цагдан хорих тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, эрүүгийн ялын зорилгыг хангах

Иргэний болон захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр болон хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги, алба, салбар нэгжийн барилга байгууламж, ахуй нөхцөлийг олон улсын жишигт хүргэх, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хэвийн явагдах материаллаг бааз суурийг бэхжүүлэх

Үйлдвэрлэлийнх нь үр дүнд хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах, хорих анги, алба, салбар нэгжийг түшиглэсэн үйлдвэр, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар дотоод эх үүсвэрийг бий болгох

Тогтоол гүйцэтгэх газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

Тогтоол гүйцэтгэх газар нь хоригдогчийн аюулгүй байдлыг ханган, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, хоригдогчоос нийгэм, иргэдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, зан үйл, хандлагын эерэг нөлөөлөл үзүүлэх, ялтныг албадан хөдөлмөрлүүлж, эрхэлсэн үйлдвэрлэлийн чиглэлээр түүнд дадлага олгох, гэмт хэрэг үйлдсэний улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, төлбөрийг ялтны хөдөлмөрийн хөлснөөс суутгаж хохирогчид шилжүүлэх.

Шийдвэр гүйцэтгэх газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

Аймаг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих

Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг бусад байгууллагаас гүйцэтгэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, энэ талаар нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, хяналт тавих

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Улсын хэмжээнд нэгдсэн тоо бүртгэл хөтлөх

Аймаг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны талаар гарсан гомдлыг шийдвэрлэх.

                           Төрийн бус байгууллагын оролцоо

Хорих ял эдлэгсдийг нийгэмшүүлэх, нийгмийн амьдралд бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх, сургалт, нөлөөллийн ажил явуулах чиглэлээр Тогтоол гүйцэтгэх газрын Нийгэм, сэтгэл зүйн тасаг Төрийн болон Төрийн бус 80 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна.

Ялтанд мэргэжил эзэмшүүлэх сургалт

ШШГЕГ-ын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь 8 төрлийн мэргэжлээр буюу засал чимэглэл, өрөг угсрагч, бетон арматур, сантехник, гагнуурчин, тогооч мэргэжлээр ялтнуудад сургалт явуулж, чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгодог.

Захиргааны удирдлагын газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

Захиргааны удирдлагын газар нь байгууллагын үйл ажиллагааны хөгжлийн хэтийн болон дунд хугацааны стратеги, гадаад харилцаа, бодлого, чиглэлийг боловсруулан зохион байгуулах, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, бодлого, үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг бий болгох, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа, өөрийн харьяаны тасгийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах.

Хорих байгууллагыг зохион байгуулалтын удирдлагаар хангах

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай шүүгчийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнчлэн баривчлах, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх.

Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар нь төсвийн харилцаанд оролцогчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсвийн төвлөрүүлэн захирагчийн хүрээнд санхүү, төсвийн үйл ажиллагаанд нэгдүгээр гарын үсэг зурах, ерөнхий газрын төв аппаратын хэвийн үйл ажиллагааг явуулахад санхүүгийн боломжоор хангах, байгууллагын бүтэц, орон тоог зохион байгуулах, холбогдох өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, өөрийн харьяа хэлтсийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах.

Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд албан хаагч, тэдний гэр бүлийн гишүүд, байгууллагын аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, цагдан хорих, баривчлах байранд хямралт нөхцөл байдал бий болсон үед удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хангах, тусгай ажиллагааг хэрэгжүүлэх стратегийн үндсэн чиг үүрэгтэй.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд