loader

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн санаачлан “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжилтийн талаар дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудал болон эрх зүйн зохицуулалт, чиг хандлагын талаар эрдэмтэн, судлаач, практик ажилтнуудын хүрээнд хэлэлцүүлж, тэдний судалгааны ажлын үр дүн, санал, дүгнэлтийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор зохион байгуулсан бөгөөд хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбооны төлөөлөл болон Монгол Улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Шихихутаг хууль зүйн дээд сургууль зэрэг 15 байгууллагын 70 гаруй багш, судлаачид, удирдах болон практик ажилтнууд оролцов.

Хурлаар ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл “Ялын бодлого, олон улсын чиг хандлага”, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ахмад Г.Галсанжамц “Нийгэм-олон нийтэд тулгуурласан ял эдлүүлэх ажиллагааны тогтолцоо, гадаадын зарим орны туршлага”, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Итгэлтөгс “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам”, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Мөнхбат “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалт ба практик хэрэглээнд шүүмжлэлтэй хандах нь”, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэргэжилтэн, ахмад С.Даваадорж"Зорчихэрхийгхязгаарлахялын эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлэхаргазам", Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Ганчимэг ”Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал“ сэдвээр тус тус үндсэн илтгэл хэлэлцүүллээ.

Мөн хурлын хэлэлцүүлгийн хүрээнд ХСИС-ийн Хууль сахиулахуйн удирдлагын академийн профессор, доктор (Ph.D), хурандаа Ц.Очгэрэл “Цахим хяналтын тогтолцоо: БНСУ-ын жишээн дээр” танилцуулга-мэдээллийг хийж, Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Найгалдорж, ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд нар болон бусад багш, судлаачдын зүгээс шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хуулинд тусгагдсан шинэ төрлийн ялыг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж гарган нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь онол, практикийн ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо гэж хурлыг зохион байгуулагч, оролцогчдын зүгээс дүгнэсэн байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд