loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГУУД ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ШШГГ, ТУС АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ ШШГХ-ИЙН АЛБА ХААГЧИД, АХМАД АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тус аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн алба хаагчид, ахмад ажилтнуудтай өнөөдөр (2024.06.10) уулзаж, байгууллагаас баримталж буй бодлого, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг танилцууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улс орны дотоод аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэхэд алба хаагчдын үүрэг оролцоо, идэвх зүтгэл чухал үүрэг гүйцэтгэж байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор уулзалтын эхэнд онцоллоо.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж, “100 сая мод тарих хөтөлбөр” хэрэгжүүлж, 2022-2023 онд 1.5 сая мод тарж, 2024 оны эхний 5 сарын байдлаар 565 мянган мод тарьж ургуулан, арчлан хамгаалж байгааг дурдлаа.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”-ийн хүрээнд байгууллагын зүгээс алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, хангамжийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээг уялдуулан хэрэгжүүлж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх бодлого, чиглэлийг Засгийн газраас дэмжиж, алба хаагчдын цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх болсныг онцолсон юм.
Мөн жил бүрийн 3 дугаар сард Ерөнхий газрын даргын нэрэмжит цэргийн мэргэжлийн зэргийн шалгалт авч, 1-3 дугаар зэргийн нэмэгдлийг цалингийн 5-15 хувь байхаар тогтоох саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн гэдгийг цохон тэмдэглэв.
Мөн байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулж, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад ажилтнуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгмийн хангамжийг бэхжүүлэх нь байгууллагын бодлогын салшгүй хэсэг байна гэдгийг хэллээ.
Уулзалтын үеэр алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, тогтвор сууршилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Р.Одгэрэлд өргөө цагаан гэр гардууллаа.
Түүнчлэн алба хаагчдын ажиллах ая тухтай орчинг бүрдүүлэх үүднээс Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 5 ширхэг, тус аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 3 ширхэг иж бүрэн суурин комьпютер олголоо.
Байгууллагын удирдлагууд анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлтэй газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж байгаа нь алба хаагчдыг идэвх санаачлагатай, итгэл үнэмшилтэй ажиллахад дэмжлэг болж байгааг хэлж байлаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд маргааш Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид, ахмад настнуудтай уулзана.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд