loader

“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2024 ОНЫ 19 ДЭХ ДУГААР

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүний тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Үүнд: 1/Улсын Их Хурлын хэвийн ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж байгаа байранд шилжүүлэн байршуулах, Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж байгаа Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулах; 2/Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулсан цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх; 3/энэ тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад заасан цогц төслийг улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэрээр зохих журмын дагуу гүйцэтгүүлэхээр тооцож, эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд үе шаттай тусгаж байх; 4/цогц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх бодлогын бусад дэмжлэг, туслалцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад тухай бүрд тавьж шийдвэрлүүлэх.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгүүлийг хавсаргасан файл харах хэсэгт дарж үзнэ үү.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд