loader

ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх ерөнхий боловсролын сургууль төгсөлтийн арга хэмжээгээ 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан төлөвлөгөөний дагуу 2023 онд Сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангид 31 хүмүүжигч суралцсанаас 9 дүгээр ангийг 4, 12 дугаар ангийг 5 хүүхэд төгссөн байна. 12 дугаар ангийг төгссөн 5 хүмүүжигч 2023 оны 6 дугаар сарын 15-18 элсэлтийн ерөнхий шалгалт өгөх аж.

Уг арга хэмжээнд сурагчдын гэр бүлийнхэн, Монголын хуульчдын холбоо, Кристина Ноблийн Хүүхдийн сан, Ханнс-Зайделийн сан зэрэг хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр хамтран ажилладаг олон улсын байгууллага, төрийн болон төрийн байгууллагын төлөөлөгчид оролцож, төгсөгчдөд амжилт хүслээ.

Энэ үеэр хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлан суралцсан 12 дугаар ангийн төгсөгч Б.А Монголын сурагчдын холбооны “Шилдэг сурагч” шагнал, Э.Б-д 110 дугаар сургуулийн захирлын Өргөмжлөл, гарын бэлэг гардуулсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын хамт олон уран бүтээлийн дээжээ өргөн барьснаас гадна уламжлалт бий биелгээг заасан нь хүмүүжигчид болон ирсэн зочдын баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Мөн Монголын хуульчдын холбооноос хүмүүжигчид болон тэдний ар гэрийнхэнд хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв.

Ташрамд дурдахад, 2017 оноос хойш 19 хүмүүжигч элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс 14 нь улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад 50-100 хувийн тэтгэлэгтэйгээр амжилттай суралцаж байгаа аж.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд