loader

“ШШГБ-ЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХӨГЖЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ 2020-2024 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, хүний нөөцийн төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар салбарын хөгжлийг эрчимжүүлэх шаардлагад тулгуурлан “ШШГБ-ын хүний нөөцийн бодлогын хөгжлийг бэхжүүлэх 2020-2024 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан,ШШГЕГ-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус хөтөлбөрийг 2020-2024 онд 2 үе шаттайгаар 6 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн.

I үе шат: 2020-2021 онд хүний нөөцийн чиглэлээрх эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар байгууллагын чиг үүрэг, онцлогтой уялдуулан хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүний бүрдүүлэлт, төлөвлөлт, хуваарилалтыг сайжруулж, алба хаагчдыг хөгжүүлэн чадваржуулах оновчтой бүтэц, сургалтын менежментийг бий болгоно.

II үе шат: 2022-2024 онд байгууллагын хөгжлийн бодлогод тулгуурлан хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээрх бие даасан байдлыг бий болгож, хүний нөөцийн үйл ажиллагааг төгөлдөржүүлж, алба хаагчдын өөрийгөө мэргэшүүлэн хөгжүүлсэн байдал болон ажлын бүтээмжид тулгуурлан сонгон шалгаруулах, шатлан дэвших тогтолцоог нэвтрүүлэн хөгжүүлнэ.

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцтэй холбоотой эрх зүйн орчинг нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох 1 дүгээр зорилтын хүрээнд:

- “ШШГБ нь төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага мөн”,  баривчлах төв болон байранд ажиллаж буй алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтгаж үзнэ”, “Шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох тухай” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын 2022.06.17-ны чуулганаар батлагдсан. 

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу орон нутагт Цагдаагийн байгууллагаас баривчлах чиг үүргийг шилжүүлэн авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж, орон нутагт баривчлах шийтгэл эдлүүлэх чиг үүргийг хууль, журмын хүрээнд хэрэгжүүлэхэд нэгж тус бүрт хамгаалалтын ажилтан буюу 27 газар, хэлтэст орон тоо нэмүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр ХЗДХЯ-д саналыг хүргүүлэн ажилласан.

  1. Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, дэвшүүлэн томилох, шилжих ажлын арга хэлбэрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж гүйцэтгэлийн үр дүнг тооцох, хүний нөөцийн ил тод байдлыг хангах, эрсдэлийг үнэлэх тогтолцоог төгөлдөржүүлэх 2 дугаар зорилтын хүрээнд:

- Байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их дээд сургуулийг төгссөн болон ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх дамжаа, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нөөцөд бүртгэлтэй иргэдээс сул орон тоонд судлан, албан тушаалын тодорхойлолтын болзол шаардлага хангасан иргэдийг томилсон. ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх дамжаанд 157 иргэнийг сонгон шалгаруулж суралцуулсан байна.

- Байгууллагын онцлог, үйл ажиллагааг иргэдэд сурталчлан ШШГБ-д ажиллах хүсэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр нийт анги байгууллагууд орон нутгийн цэргийн анги, салбарын хугацаат болон гэрээт цэрэг, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулж ажиллаж ирсэн.Түүнчлэн анги, байгууллагын хэмжээнд сул орон тооны зарыг өөрийн цахим хуудас, вэб сайт, мэдээллийн самбар, төв, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  сурталчлах ажлыг  хэрэгжүүлсэн.

            - Хамгаалалтын ажилтны сул орон тоог нөхөх зорилгоор Зэвсэгт хүчний ангиудад хамтран ажиллах саналыг хүргүүлсэн төдийгүй, эмч, сувилагчийн сул орон тоог нөхөх зорилгоор 2022.05.02-ны өдрийн 05/979 дүгээр албан бичгээр АШУҮИС-ийн оюутны хөгжил, удирдлагын газарт хамтран ажиллах саналыг хүргүүлж, байгууллагын танилцуулгыг цахим шуудангаар хүргүүлсэн.  

           -Мөн 2022.05.10-ны өдөр Этүгэн их сургуулийн “Хүндэтгэлийн лекц” ажил олгогч аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг өдөрлөгт оролцон төгсөгчдөд ШШГБ-ын талаар танилцуулж, ажилд орохыг хүссэн 83 төгсөгчийн товч анкетыг авсан.

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/126 дугаар тушаалаар “ШШГБ-ын Жендэрийн асуудал хариуцсан дэд зөвлөл”-ийг шинэчлэн баталсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа 55 анги, байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар арга хэмжээ оруулсан.

         - Хууль зүй, дотоод хэргийн яам болон Жендэрийн үндэсний хорооноос хамтран зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе”, “Хамтдаа үлгэрлэе” аяны хүрээнд постер, шторк бэлтгэн олон нийтэд хүргэхэд тус постерыг нийт 150 удаа хуваалцаж, 700 удаа хандалт хийсэн. Тус яамны харьяа агентлаг, байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн 11.4.1 дэх заалт /Ажлын байрны бэлгийн дарамт/ туссан эсэхэд хийсэн дүн шинжилгээг танилцуулах хэлэлцүүлэгт нийт 84 удирдах албан тушаалтанг хамруулсан. 

         - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын гэр бүлийн гишүүдээс Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Бид мартаагүй” эмэгтэйчүүдийн клубээс Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дэргэдэх “Мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төв”-д суралцах хүсэлт гаргасан 29 иргэнийг хамруулахаар тогтож, урилгыг гардуулсан.

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх 3 дугаар зорилтын хүрээнд:

- Албан хаагчдын албан тушаалын чиг, үүргээ хэвийн хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүйн болон нийгэм, эдийн засгийн баталгааг бүрэн ханган, тэдний тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэн ажилласан.

441 дүгээр нээлттэй хорих анги алба хаагчдад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 20 айлын зуслангийн газар олгох, 445 дугаар нээлттэй хорих анги алба хаагчдад зориулсан 6 ханатай 2 гэр, 2 байшин шинээр барьж амралтын газар байгуулах, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги “Нэг блок-Нэг хамт олон” аяны хүрээнд 1 алба хаагчийн амины орон сууцыг сайжруулах, Налайх дүүрэг дэх ШШГХ 1 алба хаагчид хувийн орон сууц барихад нь зориулж блок худалдан авч өгөх, Өвөрхангай аймаг дахь ШШГГ 1 алба хаагчид 5 ханатай гэр олгох, Увс аймаг дахь ШШГГ 1 алба хаагчид 5 ханатай гэр олгох, 409 дүгээр хаалттай хорих анги алба хаагчдад БЗД-ийн 11 дүгээр хороонд байрлах Ногоон зооринд зуслангийн газар авах, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчдын албаны сургалт зохион байгуулах, дотоод нэгжүүд хурал хийх өрөөг шинээр байгуулах, “Хэрэмт цамхаг” УТҮГ нь 3 алба хаагчийг орон сууны хөнгөлөлтөд хамруулж, 3 алба хаагч тус бүрт 20м3 блок өгөхөөр шийдвэрлэсэн байна.

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд 840 айлын 10 блок орон сууц, ногоон байгууламж, ил ба далд авто зогсоол, үйлчилгээний төв бүхий “Хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчдын орон сууцны цогцолбор”-ын төслийг хэрэгжүүлж байна.

-Байгууллагын хэмжээнд алба хаагчийн ажлын байрны орчин нөхцөл, албаны үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагад нийцүүлэн ажилласан.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлын талаар ар гэрийнхэнд мэдээлэл өгч, алба хаагчдын хүүхдийг цэцэрлэгт хамруулах талаар орон нутгийн боловсролын байгууллагатай хамтран ажиллаж, хорих анги, байгууллагын дэргэд хүүхдийн цэцэрлэг, амрах өрөөг байгуулан ажиллалаа.

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын сургалт судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, алба хаагчийн мэргэжлийн манлайлал, ур чадвар, хандлагыг хөгжүүлэх” 4 дүгээр зорилтын хүрээнд:

-2022 онд алба хаагчдад зохион байгуулах сургалтыг танхимын, цахим, мэргэшүүлэх сургалт гэсэн 3 төрлөөр явуулж, харьяа анги, байгууллагууд сургалтын хөтөлбөрийн хүрээнд алба хаагч бүрийг хөгжүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд  чиглэсэн танхимын хичээл сургалтын төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган, үр дүнг тооцон ажиллаж байна

- Алба хаагчдын боловсролын түвшинг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын болон дотоодын их, дээд сургууль, удирдлагын академид элсэн суралцуулах үндсэн чиг үүргийн  хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд:

 

- Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд байгууллагын захиалгаар Удирдлагын академийн адьюнктурт 1, магистрын хөтөлбөрт 3, бакалаврын хөтөлбөрт 11, хэлний бэлтгэлд 6, нийт 21 алба хаагч суралцуулж байна.

- ДХИС-ийн  ШШГАС-ийн  өдрийн ангид 109 сонсогч, “шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” бакалаврын 3 жилийн эчнээ хөтөлбөрт 35 алба хаагч, 5 жилийн эчнээ ангид 35, магистрантурт 16, Удирдлагын сургуулийн докторын хөтөлбөрт 8, магистрын хөтөлбөрт 4 алба хаагчийг тус тус суралцуулж байна. 

- Байгууллагын  захиалгаар дотоодын их дээд сургууль болох АШУҮИС-д 4, “Шинэ анагаах ухаан” их сургуульд 1,ШУТИС-ийн “Мэдээлэл, холбооны технологийн сургууль”-д 2 нийт 7 иргэн суралцаж байна. Суралцагсдын 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн 50 хувийг байгууллагаас олгож шийдвэрлэсэн.

  1. Байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх 5 дугаар зорилтын хүрээнд:

-Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуультай хамтран төрөл мэргэжлийн алба хаагчдыг сурган бэлтгэх хэрэгцээ, шаардлага, өнөөгийн байдлын талаар хэрэглээний судалгааг гүйцэтгэн, зохих санал дүгнэлт гарган шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.  

6.Хүний нөөцийн бодлогын хөгжлийг бэхжүүлэхэд технологийн дэвшлийг нэвтрүүлэх6 дугаар зорилтынхүрээнд:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хүний нөөц, Хувцас хангалтын программыг шинэчлэхтэй холбогдуулан “Интерактив” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж систем гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн.

          -Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Хүний нөөцийн удирдлагын систем”-д хүний нөөцийн мэдээллийг байршуулах, Сангийн яамны хэрэгжүүлж буй “Төрийн албаны цалингийн нэгдсэн систем”-ээр цалинг олгохтой холбоотой ШШГБ-ын 59 байгууллагын мэдээллийг хавсралтын дагуу гарган нэгтгэж 2022.05.11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. Дээрх ажлын хүрээнд цахим сургалтад холбогдох алба хаагчдыг хамруулан ажилласан. Үүнд:

            “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд мэдээлэл оруулахтай холбогдуулан 2022.05.30-ны өдөр /хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн/,

             “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд мэдээлэл оруулахтай холбогдуулан санал хүсэлт болон асуултад хариулах хэлбэрээр 2022.06.03-ны өдөр /хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн/,

              “Төрийн албаны цалингийн нэгдсэн систем”-ийг ашиглаж алба хаагчдын цалинг 2022 оны 06-р сараас олгохтой холбогдуулан мөн оны 06 дугаар сарын 6-8 өдрүүдэд /байгууллагын дарга, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах нягтлан болон цалингийн нягтлан бодогч/ тус тус хамрагдсан.

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд