loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН /1 дүгээр улирлын байдлаар/

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН
2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН

/1 дүгээр улирлын байдлаар/

Нэг. Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын шуурхай хуралдаан 7 хоног бүрийн 1 дэх өдөр зохион байгуулагдаж, байгууллагын үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлон ажиллаж байна.  

           Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон бусад хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг 1 дүгээр улирлын байдлаар нэгтгэн, дүн шинжилгээ хийж, гүйцэтгэлийг сайжруулах арга хэмжээ авч ажиллалаа.

        2023 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 17 салбар нэгж орон нутаг дахь Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран, тухайн байгууллагад шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна.       Дээрх 17 салбар нэгжийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдээс 60 хувийн биелэлттэй 1, 50 хувийн биелэлттэй 1, 30 хувийн биелэлттэй 15 арга хэмжээ байна. Дундаж биелэлт 46.9 хувьтай.

Хоёр. Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн чиглэлээр:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Турк, Солонгос, Сингапур,Австрали, Япон, Хятад, Их Британи, Польш, Чех, Унгар, Австри, Герман, Швейцар, Канад, Бельги, Франц, Итали, Финланд, Эстони зэрэг улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагууд болон Койка, Жайка, Тика, Дэлхийн банк, Азийн сан, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай тус тус хамтран ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын www.cd.gov.mn сайтад39, фэйсбүүк хуудаст 114, дотоод мэдээллийн самбарт 39 мэдээ мэдээллийг тус тус боловсруулан байршуулсан.

Мөн байгууллагын фэйсбүүк хуудасны онлайн чатаар хандсан 728 иргэнд хорих ял эдлүүлэх үйл ажиллагаа, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, сургалтын чиглэлээр асуусан асуултад хариу мэдээллийг тухай бүрт нь өгч ажилласан. Цахим хуудаст давхардсан тоогоор 396 869 удаа хандалт хийгдсэн байна.

“Албаны төлөө” нэвтрүүлэг 1, шторк 19, постер 30, подкаст 1, фото сурвалжилга 1, сурвалжилга 1 дугаарыг тус тус бэлтгэн олон нийтэд хүргэж ажилласан. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа болон байгууллагаас зохион байгуулсан “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аян, “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага”, “Дүрэмт хувцас бидний бахархал, дүрмээр өмсөх бидний үүрэг” аяны хүрээнд МҮОНРТ, TV5, TV8, NTV, C1, TV6, Eagle.mn, TV25, TV9 телевизийн нэвтрүүлэг 3, зочны ярилцлагын цагт 6, мэдээг 25 удаа давталттайгаар олон нийтэд хүргэсэн. 

            “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” зэрэг өдөр тутмын сонинд 10 мэдээ мэдээлэл нийтлүүлж, ажилласан.

            Олон нийтийн zaluucom.mn, check.mn, urug.mn, unuudur.mn, tac.mn, tsahiur.mn, onlinetv.mn, zarig.mn, gogo.mn, montsame.mn, isee.mn, eagle.mn, erennews.mn,medee.mn, unen.mn, etime.mn, arslan.mn, eguur.mn, niitlel.mn, snews.mn, news.mn, ubn.mn, 24 tsag.mn, post.mn, ikon.mn, zindaa.mn, dardas.mn сайтад нийт 99мэдээ мэдээлэл тус тус нийтлүүлсэн.

Гурав. Нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулага нь алба хаагчдын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж ирсэн. Тухайлбал,

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг ШШГЕГ-ын даргын 2023 оны А/47 дугаар тушаалаар 12 салбар нэгжийн нийт 336 алба хаагчдад олгохоор болсон.

            - Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/363 дугаар тушаалаар ахлагч бүрэлдэхүүний албан тушаалын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан.

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны А/244 дүгээр тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчдын цэргийн цолны цалинг олгох асуудлыг шийдвэрлэсэн.

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь алба хаагчдыг орон сууцжуулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд Хан-Уул дүрэгт баригдаж буй 2 блок барилгын ажлын гүйцэтгэл 89 хувьтай байна.

            - Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 21 алба хаагч, ахмад настанд иж бүрэн тавилгатай “Монгол гэр” олголоо.

 

Дөрөв. Хүний нөөцийг бүрдүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх

 ажлын хүрээнд:

 

            Байгууллагын хэмжээнд хүний нөөцийн нөхөн хангалт хийх, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсаар ирсэн. Үүнд:

            - Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтыг 1 удаа, “Офицер” бэлтгэх дамжаа 1 удаа тус тус зохион байгуулж, 128 иргэн төгсөж, албан тушаалд тус тус томилогдсон.

            - ДХИС-ийн ШШГА-ны сургуулийн өдрийн бакалаврын хөтөлбөрт 143 сонсогч, Удирдлагын академийн докторын хөтөлбөрт 4, магистрын хөтөлбөрт 7 алба хаагч, ШШГАС-ийн докторын хөтөлбөрт 12, магистрын хөтөлбөрт 28, бакалаврын 3 жилийн эчнээ хөтөлбөрт 27, бакалаврын 5 жилийн эчнээ хөтөлбөрт 43 алба хаагч, ОХУ-ын ДЯЯ-ны харьяа их, дээд сургуулийн адъюнктурт 1, удирдлагын академийн магистрын хөтөлбөрт 3, бакалаврын хөтөлбөрт 18 алба хаагч тус тус суралцуулж байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/215 дугаар тушаалаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2022-2023 онд зохион байгуулах сургалтын хөтөлбөр”-ийг батлуулан, нийт анги, байгууллагуудад хүргүүлж, сар бүр сургалтын тайлан мэдээг авч нэгтгэн, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Батлагдсан хөтөлбөрийн хүрээнд:

 

            - Алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, норматив хангах;

            - Цэргийн албаны нийтлэг дүрэм, цэргийн хэргийн мэдлэг олгох;

            - Үндэсний Монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх;

            - Гадаад хэлний мэдлэг олгох;

            - “Зангиа академи”-ийн цахим хичээл;

           - Төрөл мэргэжлийн алба хаагчдыг мэргэшүүлэх зэрэг чиглэлээрх сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж байна.

 

Тав. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан харьяа хорих анги, байгууллагад хүргүүлсэн.

 

      Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан “Харилцан хүндэтгэе” аянд нэгдэж, харьяа хорих анги, байгууллагууд алба хаагчдад жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар сургалт зохион байгуулсан.

       Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй “Төрийн цэргийн байгууллагын болон цагдаагийн эмэгтэй алба хаагчдын оролцоог эхнийг дэмжих ажиллагаа, аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй алба хаагчид энхийн үйлсэд” илтгэл хэлэлцүүлсэн.

“Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт”, “Жендэрийн мэдрэмжтэй хүний нөөцийн удирдлагын зарим асуудал, шийдэл”, “Хүний эрх, ажлын байрны дарамтын тухай үндсэн ойлголт, хэм хэмжээ” сэдвээр Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн багш доктор /Ph.D/ дэд профессор Э.Ариунаа, Ч.Эрдэнэчимэг нар сургалт зохион байгуулсан.

            Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан сургагч багш бэлтгэх сургалтад 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Халиун хамрагдаж, гэрчилгээ авсан.

            “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Эмэгтэйчүүдийн зөвлөл” Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа. Санамж бичгийн хүрээнд тус байгууллагын эмэгтэй алба хаагчдын нийгмийн харилцаан дахь манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгохын зэрэгцээ боловсролын чиглэлээр төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж, харилцан мэдээлэл солилцохоор шийдвэрлэсэн.

 

Зургаа. Хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр: 

            Тайлант хугацаанд давхардсан тоогоор нийт 21 хорих анги, байгууллагын үйл ажиллагааг шалган зааварчилж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилласан.

            Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдлын хөдөлгөөн нэг бүрийг бүртгэлд авч, нэгдсэн мэдээ, судалгааг сар бүрийн 20-ны өдрөөр тасалбар болгон ХЗДХЯ, УЕПГ-т албан бичгээр хүргүүлж ажилласан.   

        “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулан 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02/129 дүгээр албан бичгээр тус тус Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн.    

            Өндөр настай хоригдлуудын хууль эрх зүй, нийгмийн баталгааг хангаж, хуулиар тогтоосон тэтгэвэр, тэтгэмжийг олгуулах ажлыг зохион байгуулан нийт 4 хоригдолд урьд авч байсан өндөр насны тэтгэвэр, 23 хоригдолд “Насны хишиг”-ийг олгуулж байна.

           Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага нь өсвөр насны 33 хоригдол, 423, 435, 437 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиуд нь “Насан туршийн боловсролын төв”-тэй хамтран 17, нийт 50 хоригдлыг суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад хамрууллаа.

            2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 54 хоригдлыг уншиж, бичиж сургасан байна.

            “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийн дагуу нийт 1060 хоригдлыг сургалтад хамруулж, суллагдсан 91 иргэнийг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажлын байранд зуучлан, нийгэмд бие даан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажилласан.

            Хорих анги, байгууллагын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 158 хоригдол ял эдэлж байгаагаас тэдний эрүүл мэндийн байдлыг харгалзан 125 хоригдлыг ажлын байраар хангасан ба 17 хоригдлыг гар урлал, оёдлын цехэд ажиллуулж 5,066,878 төгрөгийн цалин хөлсийг олгосон. Мөн 10 хоригдолд ортопед, протез /413-9, 417-1 хиймэл шүд/ олгож, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулан нийт 1,689,150 төгрөгийг нийгмийн даатгалын санд шилжүүлсэн.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хоригдлын хөдөлмөр эрхлэлт 64 хувьтай байна.

         “Цахим уулзалт зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг ханган, давхардсан тоогоор 2125 хоригдол “Skype” программыг ашиглан цахим уулзалт зохион байгуулсан.

 

Долоо. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр 

              Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 8371 ялтнаас 3284ялтны ялыг бүрэн эдлүүлж, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 5087 ялтны үлдэгдэлтэй байна. Ял тус бүрээр авч үзвэл:

- Торгох ялаар шийтгүүлсэн нийт 4027 ялтанд холбогдох 9.3 тэрбум төгрөгөөс 2315ялтанд холбогдох 2.7 тэрбум төгрөгийг биелүүлж, 1712 ялтны 6.6 тэрбум төгрөгийн;

9 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 237.5 сая төгрөгөөс 10.5 сая төгрөгийг биелүүлж, 9 хуулийн этгээдэд холбогдох 226.9 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

- Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт 1836 ялтанд хяналт тавьж ажилласнаас 483 ялтны ялыг бүрэн эдлүүлж, 1353 ялтны;

      - Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 622 ялтанд хяналт тавьж ажилласнаас 316 ялтны ялыг бүрэн эдлүүлж, 306 ялтны;

     - Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1877 ялтанд хяналт тавьж ажилласнаас 170 ялтны ялыг бүрэн эдлүүлж, 1707 ялтны тус тус үлдэгдэлтэй байна.  

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 4500 хүн, 8 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1005, харьяаллын дагуу шилжүүлсэн 70, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 3, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 7, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 18, нас барсан 7, хяналтын хугацаа нь өршөөн хэрэгсэхгүй болсон 5 нийт 1115 этгээд хасагдсан байна.

2023оны 1 дүгээр улирлын байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 1487, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 92, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон 1014, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 195, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 562, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 35, нийт 3385хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 8 хуулийн этгээд тус тус хяналтад байна.

“Хөгжлийн төлөөх Монгол эрчүүд” төрийн бус байгууллагатай зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд сургалт зохион байгуулах зорилгоор хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгууллаа.

 

Найм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр: 

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, улсын дундаж үзүүлэлтээс бууруулахгүй байх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор нийт 7 удаа албан бичгээр нэгжүүдэд үүрэг чиглэл өгч, аргачлалаар хангасан.

            Улсын хэмжээнд нийт 30444 гүйцэтгэх баримт бичгийн 2.2 их наяд төгрөгийг биелүүлэхээс 6573 гүйцэтгэх баримт бичгийн 144.5 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 23871 гүйцэтгэх баримт бичгийн 2.1 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн биелэлт 21.6 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 6.6 хувьтай, өмнөх оны мөн үетэй харьцуулахад бодит биелэлт 1.7 хувиар, мөнгөн дүн 1.2 хувиар тус тус өссөн, 1489 гүйцэтгэх баримт бичгээр илүү дуусгавар болгосон үзүүлэлттэй байна.

            Хүүхдийн тэтгэлгийн гүйцэтгэх баримт бичиг 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 12912 гүйцэтгэх баримт бичгийн 33.6 тэрбум төгрөгөөс 301 гүйцэтгэх баримт бичгийн 5.7 тэрбум төгрөгийг бодитой биелүүлснээс 4.2 тэрбум төгрөгийг хэсэгчлэн төлүүлжээ. Гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 2.3 хувийн үзүүлэлттэй, 12611 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байна.

             ШШГЕГ-ын даргын 2023 оны А/58 дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 53 алба хаагч татан ажиллуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар өсөж, нийт 956 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгоод байна.

              Шийдвэр гүйцэтгэлийн сул орон тоог нөхөн бүрдүүлэх зорилгоор “Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулж, 33 оролцогч сорилын болон ярилцлагын шалгалтад тэнцсэн.

            Шүүхээс шинээр ирэх банкны нэхэмжлэлтэй баримт бичгийг Банкны төлбөр барагдуулах газар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 7.457.492.294 төгрөгийн үнийн дүнтэй 63 гүйцэтгэх баримт бичиг,харьяаллаар 188.778.274 төгрөгийн үнийн дүнтэй 3 гүйцэтгэх баримт бичиг тус тус хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

 

Ес. Бусад ажлын хүрээнд:

            Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэж заасны дагуу өглөг, авлага үүсгэхгүй байх үүднээс хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжээс ирсэн тооцоо нийлсэн актыг үндэслэн батлагдсан төсөвтөө багтаан Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1-д заасны дагуу төсвийн шууд захирагчаас төсвийн төвлөрүүлэн захирагчид ирүүлсэн төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэний дагуу “Төсвийн тухай” хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.3-т тус тус заасныг үндэслэн төсвийн урсгал зардлын сар улирлын санхүүжилтийн хуваарьт нийт 2 удаа өөрчлөлт оруулсан. 

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагуудын 2023 оны үйлдвэр, борлуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлт 1.2 хувь, борлуулалт  3.9 хувьтай байна.

            Авлигатай тэмцэх газраас “Шударга ёс хөгжил дэвшилд” мэдээллийн самбарт байршуулах мэдээллийг олон нийтэд түгээж байна. Тайлант хугацаанд 5 ширхэг постер, Авлигын гэмт хэрэг-1, 2, 3 цуврал видеог хүлээн авч, байршуулсан.

           Харьяа салбар нэгжийн  дотоод хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан 57 эрх бүхий албан тушаалтныг шинэчлэн томилж, мэргэшүүлэх цахим сургалт зохион байгуулсан.

            Тайлант хугацаанд 1 хорих ангид эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг дотооддоо авч ажиллах зөвлөмжийг албан бичгээр хүргүүлсэн.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан. Санамж бичгийн хүрээнд мод тарьж ургуулах, арчлах чиглэлээр алба хаагчдад сургалт зохион байгуулах, Говийн болон Хангайн бүсэд мод тарьж ургуулах, арчлах, хашаа, хамгаалалт барих, ойн зурвас байгуулах зэрэг олон ажлыг хамтран хийж хэрэгжүүлэхээр тогтлоо.

            2023 оны хаврын мод тарилтад тарьц суулгац 80.000, харандаа үрсэлгээ, үрийн үрсэлгээгээр 1,200,000, мод, гоёл чимэглэлийн мод, бут сөөгийг 100,000 ширхэгийг тарихаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж  байна.  

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр “Тэмцээн зохион байгуулах тухай” тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2023 оны аварга шалгаруулах “Спортын зургаан төрөл”-т тэмцээнийг 2 үе шаттайгаар, харьяа 47 нэгжийн дунд,  зохион байгууллаа.

            ЗХЖШ-аас төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулсан Урлагийн тэмцээнд “Соёмбо” чуулга оролцож, 2 дугаар байр эзэлсэн. Мөн тус чуулгын дуучин, МУСТА Э.Болормаа “Энх мэндийн хадаг” анхны бие даасан тоглолтоо зохион байгуулан ажиллалаа.

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ

 ЕРӨНХИЙ ГАЗАР

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд