loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг боловсруулан баталж, үйл ажиллагааны стратеги зорилтоо тодорхойллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгдэж, дэлхий нийтийн нэн чухал анхаарах асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах бодлогын үндэсийг бүрдүүлэх зорилгоор байгууллагын хэмжээнд 2022-2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа С.Батбямбаар ахлуулсан 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийн ээлжит хурлыг өнөөдөр зохион байгуулж, харьяа анги, байгууллага, салбар, нэгжийн хэмжээнд “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа болон түүний явц байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх боломжийн талаар ярилцлаа.

Байгууллагын хэмжээнд мод тарих, арчлах, ургуулах ажлыг ял шийтгэлийн бодлоготой уялдуулан харьяа хорих анги, байгууллага, салбар нэгжүүдийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2022 оны хаврын мод тарилтаар  нийт улиас, бургасны харандаа үрсэлгээ 580 мянга, жимс, жимсгэнэ, навчит болон шилмүүст мод 2000 мянган ширхэгийг тус тус тариалаад байна.

Хөтөлбөрийн стратеги зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жил бүр батлах бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа алба, газар, хэлтэс, хорих анги, байгууллага, салбар, нэгж бүр тодорхой ажлуудыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд