loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫГ ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛАЛЫН ТОГТОЛЦООНД ОРУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар 17-ны өдрийн чуулганы хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тэртээ 1921 онд Ардын хувьсгалтай зэрэгцэн байгуулагдсан төрийн цэргийн ууган байгууллагын нэг бөгөөд үүсэл хөгжлийнхөө түүхэн явцад цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэж, цэргийн алба хаагчдын хүчээр хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсэн түүхтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төрийн цэргийн байгуулалд хамрагдах эрх зүйн орчин бүрдсэнээр байгууллагын статус, шүүхийн шийдвэр гүйцэтггэх байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдал зэрэг нь бусад төрийн цэргийн байгууллагатай нэгэн адил болж, Монгол Улсын хэмжээнд цэргийн албаны чиглэлээр батлагдсан гарсан хууль, дүрэм, журмыг мөрдөх үндсэн нөхцөл бүрдэж байгаа юм.

Түүнчлэн бусад нэмэлт өөрчлөлтөөр 2002-2018 онд шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс бус ялтанд гав зүүсэн үеэс эхлэн тоолох, баривчлах төв болон байранд ажиллаж буй алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзэх нөхцөл бүрдлээ.

Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратеги бодлогын хүрээнд алба хаагчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил үргэлжилсээр байна.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд