loader

“Албадан эмчлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-ын эцсийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх эмнэлгийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан албадан эмчлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн барилгыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн “Албадан эмчлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-ыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий газрын дэд дарга, хурандаа Х.Ариунболд, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын үйл ажиллагаатай танилцаж, “Албадан эмчлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-ын эцсийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын удирдлага, эмч, эмнэлгийн алба хаагчид болон Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэргэжилтнүүд оролцлоо.
Хэлэлцүүлгээр албадан эмчлэх үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн албадан эмчлэх хугацаанд мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулах, хөдөлмөр эмчилгээг сэтгэц, зан үйлийн эмчилгээтэй хослуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг “Албадан эмчлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-д нэмж тусган Эрүүл мэндийн яамаар уламжлуулан Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо.
“Албадан эмчлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт” батлагдснаар албадан эмчлэх эмнэлгийн үйл ажиллагаа ахисан түвшинд хүрч, цаашид улсын хэмжээнд шинээр байгуулах албадан эмчлэх эмнэлгийн жишиг стандарт болох юм.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд