loader

“Эрүүгийн профайлинг” номын нээлт боллоо

Дотоод хэргийн их сургуулийн Төв номын санд Шинжлэх ухааны доктор профессор/Sc.D/, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар, ДХИС-ын Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр судлалын төвийн захирал, хууль зүйн ухааны доктор /Ph.D/, дэд профессор Б.Алтангэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хууль зүйн ухааны доктор /Ph.D/, бригадын генерал Д.Дамдинцэрэн нарын зохиомжлон орчуулж, хянан тохиолдуулсан “Эрүүгийн профайлинг” номын нээлтийн ажиллагаа 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр боллоо.

“Эрүүгийн профайлинг” бүтээл нь Монгол Улсад гэмт хэрэгтний хэв шинжийг тодорхойлох арга зүйн талаар хэвлэгдсэн анхны бүтээл бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх ажилд шинэ төрлийн арга, аргачлалыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн практик алба хаагчдын гарын авлага, ширээний ном болоод зогсохгүй гэмт хэрэг үйлдэн ял эдэлж буй этгээдүүдийг нийгэмшүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулахад ашиглах чухал ач холбогдолтой бүтээл юм.

Тус орчуулгын бүтээл нь хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэвлэмэл хэсэгт гэмт хэрэгтний хэв шинж /профайлинг/-ийн ойлголт, түүхэн уламжлал, онолын урсгал, сургаалиудын талаар тусгасан бол хоёрдахь хэсэгт тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэв шинж судлалын талаар тусгажээ.

Номын нээлтэд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төлөөлөгчид оролцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд