loader

Алба хаагчийн ажлын нэг өдөр фото сурвалжлага

Б.Пүрэвжав: Алдаагаа ухамсарлан ахиж алдаж, эндэхгүй байх нь чухал

       Хаврын тэргүүн сар гарч, долоон ес эхэлсэн хэдий ч хавсарга салхины хүч, тэсгим хүйтний жавар арилаагүй, жиндээм хүйтэн байлаа. Энэ удаагийн алба хаагчийн ажлын нэг өдөр фото сурвалжлагаа Төв аймгаас бэлтгэлээ.



         Их хотын замын түгжрэлээс гармагц шулуухан замаар нэг их удалгүй хүрэв. “Төв сайхан нутагт тавтай морилно уу” гэх бичигтэй хаалгаар нэвтрэн тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг зорилоо.



      Миний сурвалжлагын зочин бол Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Пүрэвжав юм.
         Түүний хувьд эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 2009 онд Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хянагчаар томилогдон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай амьдралынхаа зам мөрийг холбожээ.

        Энгийн сургууль төгссөн түүнд цол зүүн, цэргийн амьдралаар амьдрах эхэндээ сонихон байсан ч одоо хэдийнэ дасал болжээ. 2010 оноос эхлэн иргэний шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн нь түүний амьдралд чамгүй их туршлага хуримтлуулсан байна. Өдгөө тэр 14 дэх жилдээ тус байгууллагад ажиллаж байгаа аж.



          Ахлах дэслэгч Б.Пүрэвжавын ажил өглөөний хурлаас эхэлдэг. 

            Биднийг очих үеэр аймгийн төв хөл хөдөлгөөн багатай байсан ч хүүхдийн хичээл сургууль эхэлсэн учир мэр сэр хүүхдээ хөтөлсөн томчууд, цүнхээ үүрч морь унасан багачууд тааралдаж байлаа. Манай улсын хувьд хамгийн их сумтай аймаг гэж нэрлэгддэг Төв аймаг 110 мянга гаруй оршин суугчтай юм билээ.

            Харин ахлах дэслэгч Б.Пүрэвжавын хувьд аймгийнхаа хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудад хяналт тавьдаг.

            Манай улсын хувьд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1400 орчим ялтан энэ төрлийн хяналтад байгаа аж.

            Иргэн Х цагдаагийн биед халдаж, шүүхээс 6 сарын хугацаанд зорчих эрхээ хасуулжээ. Тэрбээр сард 600 мянган төгрөгийн цалинтай сахиулын ажил хийдэг бөгөөд цалингаасаа гэм хорын төлбөр төлдөг гэнэ. Иргэн Х-д хоригдохоос илүүтэй цахим бугуйвч зүүн нийгмээс тусгаарлагдахгүйгээр гэр бүлийнхэнтэйгээ амьдарч, ажил төрөл хийн орлого олж байгаа нь давуу тал болдог тухай ярив. Иргэн Х-гийн бугуйвчийг шалган тэмдэглэл хөтөллөө.

Ахлах дэслэгч Б.Пүрэвжавын хэлж байгаагаар цахим бугуйвч зүүж байгаа ялтнуудын хувьд бугуйвчаа цэнэглэхгүй байх, санаатайгаар эвдэж, гэмтээх үйлдэл ихээр гардаг гэнэ. Гэсэн хэдий ч цахим гавыг эвдэх оролдлого хийвэл хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байгаа нэг хэлбэр учир хуульд заасан үндэслэлээр зөрчилд тооцож анхааруулах, сануулах арга хэмжээ авдаг. Хэрэв дахин зөрчил гаргавал тус ялыг хорих ялаар солих хүртэл арга хэмжээ авдаг аж.

           Аймгийн хэмжээнд зорчих эрх хязгаарлагдсан 33 ялтан бий. Дийлэнх нь мал малладаг, харуул манаачийн ажил эрхэлдэг. Энэ өдөр ял шалгахаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх, Ц.Сонинмөнх, ахлах дэслэгч Б.Пүрэвжав, техник хяналтын ажилтан, дэслэгч Б.Галдансүрэн нар цаг товлон аймгийн төвөөс хөдөллөө.

Бидний очих сүүлчийн газар Алтанбулаг сум байв.

         Хүний амьдрал юм хойно олон л зүйл тохиолдох аж. Амьдрахын тулд элдэв болчимгүй үйлдэл гаргах нь дэндүү хайран. “Хот хүрээ бараадвал ажил олж хийх юмсан. Хэдэн хүүхдүүддээ хань бараа болоод явбал гэж бодох юм. Одоохондоо амь зууж л явна. Энэ цахим бугуйвч зүүхэд хүндрэлтэй юм ер алга. Харин ч бүртгэлээ хийлгээд энийгээ цэнэгийг нь тасалчихалгүй явж байхад учиртай л гэж бодож байна” хэмээн ярих 50 эргэм насны эрийн яриа...



Орон нутагт хязгаарлалтын бүс харилцан адилгүй. Гэсэн хэдий ч хотод байрлах Цахим хяналт, удирдлагын төвөөрөө дамжуулж хяналт тавин ажилладаг. Цахим хяналт, удирдлагын төв нь 2021 онд байгуулагдсан. Бүтэц, хүний нөөц, техник, технологийн шийдлээс эхлээд энэ төрлийн ялыг хэрэгжүүлж эхлэхэд чамгүй хугацаа шаардсан юм билээ.

      Ийнхүү бид дараагийн газарруугаа явлаа. “Цэнэглэхэд л хэцүү байна даа. Хэдэн малаа дагаад ийш тийш явахаар өдөржин л юм болдог. Бусдаар бол яахав ээ. Адуу малаа маллаад, сайхан л байна.” хэмээн ярих малчин эр...

       Найзынхаа гуйлтаар хашаандаа мал нядлахыг зөвшөөрсөн гэнэн хүүгийн хэвлүүхэн ярианаас олон зүйлийг ойлгож мэдэв. Хашаагаар нь ормогц л өвөлжөө нь тэгш сайхан, өвс тэжээлээ бэлтгэн шугамдчихсан мэт өрж тавьсан нь аргагүй л ясны малчин гэдгийг нь харуулна. Таван ханатай гэртээ цэмцийтэл суух тэрээр өөрт нь ийм харуусалтай зүйл тохиолдоно гэж яаж ч мэдэх билээ. Гэрт цуг байсан ах нь “За яахав ээ хө. Малчин хүн ухаантай байх хэрэгтэй. Эрт хашраад аваг. Хар гэрт хоригдсон биш. Ахиж л битгий ийм болчимгүй үйлдэл гаргаарай. Муу нөхдүүдтэй дарвиад байсан юмаа” гэж халаглана. Прокурор, шийдвэр гүйцэтгэгч, теле хяналтын ажилтан гурав маань том хар цүнхнээсээ  бичиг цаас гаргаж, малчин хүүтэй ярилцаж эхлэв.

          Ингэж явсаар бидний ажил дууслаа. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ойролцоогоор 700 гаруй гүйцэтгэх хуудас бий. Алба хаагчдын ажлын ачаалал өндөр. Хүний нөөц, боловсон хүчин дутагдалтай талаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Сонинмөнх яриандаа дурдсан.

            Аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид маань Цахим хяналт, удирдлагын төвийн алба хаагчдаас мэргэжил, арга зүйн зөвөлгөө авах бөгөөд нягт уялдаа холбоотой ажилладаг.  Хэрэг үйлдсэн ч гэм буруугаа хүлээвэл заавал хорих хэлбэрийн ял оноохгүй байх нь олон давуу талтай талаар албаныхан онцолдог.

            Төрийнхөө өмнө тангараг өргөн зүтгэж яваа алба хаагчийн маань ажлын нэг өдөр энд хүрээд өндөрлөлөө.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын, хэвлэл мэдээллийн төв

 

 

 

 

 

 


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд