loader

Г.ГАНБААТАР: ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨЛБӨР ТӨЛӨХ ЧАДВАР СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД ЭРС БУУРСАН

Ойролцоогоор -26 градусын хүйтэн. Их хотын хөл хөдөлгөөн, замын хөдөлгөөний ачаалал, ёстой түм түжигнэнэ. Улаанбаатар хотын өглөө яарсан, тэвдсэн иргэдийн хэмнэлээр эхлэх аж.

Бид энэ удаагийнхаа фото сурвалжлагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Ганбаатарын ажлын нэг өдрийг онцолж байна. Түүний хувьд Дотоод хэргийн их сургуулийг 2016 онд төгссөн бөгөөд тус байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байгаа билээ.

Ихэнх хүмүүс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг зөвхөн хорих анги, хоригдлыг нийгэмшүүлэх ажлын чиглэлээр төсөөлдөг бол 3000 гаруй алба хаагчтай тус байгууллага нь эрүү, иргэн, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулдаг. Өөрөөр хэлбэл шүүхээс гарсан бүхий л төрлийн шийдвэрийг хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг. Хорих ял эдлүүлэх алба, Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба гэсэн гурван том албатай. Аль ч чиглэлдээ иргэдтэй ажиллах бөгөөд энэ байгууллагын алба хаагч бүр сэтгэлзүйн бэлтгэлтэй байдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь олон хүмүүсийн эерэг, таагүй бүхий л сэтгэл хөдлөл, зан үйлд тохирсон арга барилаар харьцдаг аж.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хувьд дотогш ормогц л бичиг баримтаа барин дугаарласан, уулзах товтой хүнээ хүлээсэн гээд олон бужигнана. Тэдний олонх нь төлбөр авагч бас төлөгч аж. Миний олж авсан мэдээллээр энэ байгууллагаар өдөрт 700 орчим иргэн үйлчлүүлдэг юм билээ.

Мөн тус газрын 80 гаруй шийдвэр  гүйцэтгэгч, 91 тойрогт хуваагдан, шүүхээс тогтоосон шийдвэрийн дагуу өр төлбөр, хохирол барагдуулах чиглэлээр ажилладаг.

Бидний сурвалжлага Сүхбаатар дүүргийн шүүхээс эхэллээ. Шийдвэр гүйцэтгэгчдийн хувьд хаягаар явахаас гадна шүүхэд төлөөлөх эрх хэрэгжүүлдэг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудаас шүүхэд иргэний нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн байгууллагаа төлөөлж шүүх хуралд оролцоно.

Ингээд бид хаягаар явах ажилдаа гарав. Өнгө өнгийн дээвэрт байшин, сарайсан хашаа, энхэл донхол болсон гэр хорооллын замыг сүлэн эхний хоёр айлаар очсон боловч бид цоожтой “хаалга мөргөлөө”


Ахлах дэслэгч Г.Ганбаатар зарлан дуудах мэдэгдлийг төлбөр төлөгчид утсаар мэдэгдэж, энэ талаарх баримтыг үлдээв. Нүдэнд ил учраас гэрийн эзэд харах нь тодорхой.

Дээш, доош, өгсүүр, уруу замын уртад машины дугуй шарван дээш өөд хүч хүрсэнгүй тул ахлах дэслэгч Г.Ганбаатар машинаас буун түлхэв. Энэ мэтчилэн цас, бороо, хүйтэн нойтон, зуны аагим халуунд ч шаггүй олон зүйл тохиолдох аж.

Машинд суумагц л тэр цүнхээ онгойлгон өвөр дээрээ хавтастай бичиг, цаас гарган, “үзэж” эхлэх нь тэр. Сонирхон харвал өнөөх олон бичиг, цаас нь өр, төлбөрийн материал ажээ.

Тус газрын жолоочийн ажил шийдвэр гүйцэтгэгчийнхээс дутахгүй ачаалалтай. Очих газар бүрт нь аюулгүй, түргэн шуурхай хүргэнэ. Шийдвэр гүйцэтгэгчийг хаяг хэлмэгц л “Аа тийм. Нөгөө айл уу” хэмээн лавлах. Зарим иргэдийн бүртгэл мэдээлэл, хаяг тодорхойгүйн улмаас очих айлаа олохгүй цаг их зарцуулах үе байдаг гэнэ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэдийн төлбөр төлөх чадвар эрс буурчээ. Учир нь 2019 оноос хөл хорио тогтоож, улсын эдийн засгийн байдал хүнд болж төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа доголджээ. Түүнийг дагаад ажилгүй, орлогогүй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Нөгөө талаараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа тухай тэр ярьлаа.

Сайнтай, саартай зүйл тэдний ажилд байнга тохиолдоно. Ихэнхдээ уурссан, үгүйрсэн, өчнөөн зовлонт хүмүүсийн шаналал, зүхэл, худал яриаг сонсох агаад халдлагад өртөх нь ч энүүхэнд. Хутга мэс, халуун ус, хог новш шидэлж, урдаг нохойгоор айлгах нь ч бий. Ихэнх төлбөр төлөгчдийн тактик нь шийдвэр гүйцэтгэгчээс бултах. Тэднийг төөрөлдүүлэх. Хүмүүсийн худал хэлэх, нуун дарагдуулах гэсэн оролдлогыг хэдийнэ мэддэг болсон, хашир туршлагатай ахлах дэслэгч маань уурласан, хашгичсан, зандарсан хүмүүст ганц нэг асуулт тавиад л арга эвийг нь олчих юм. Бас шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс цааргалсан хүнтэй ямар холбоотойг нь ч тогтоочихно гээч.

Ажаад байхад, үр, хүүхэд, ах дүү нарынхаа буруу үйлдлийг өөгшүүлж, дэврэгдэг хүн Монголд яасан ч олон юм бэ дээ гэх бодол төрснийг нуух юун. Ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой хэмжээний орлоготой хэрнээ хэн нэгэнд учруулсан гэм хохиролоо барагдуулахыг хүсдэггүй хүмүүс ч их байдаг гэнэ.

Зарим төлбөр төлөгч, хуулийн этгээдийн хувьд хувийн маргаан, өс хонзонгийн сэдлээр төлбөр төлөлтийг удаашруулдаг нь төрийн ажлыг саатуулах нэг хэлбэр болдог талаар тэр ярьлаа.

Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Ганбаатар “Ажил явж л байгаа хойно асуудал, бэрхшээл байлгүй яах вэ. Бүгдийг энд тоочоод яах ч билээ. Хэл амтай хэцүүхэн ажил хэдий ч би чинь төрийн хүн учир ёстой л тэргүүндээ залсан малгайны минь соёмбо, мөрөн дээрх мөрдэс минь намайг хамгаалдаг гэж боддог” хэмээн даруухан өгүүлэв.

Бид чинь сургууль ахуй цагаасаа л цэргийн дүрэмд суралцаж өссөн. Төрдөө өгсөн тангараг бий учир аливаа зүйлээс буцаж няцах ухаан байдаггүй. Хамгийн гол нь бидний ажлыг хуулийн дагуу, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй гэлээ.

Түүний хэлж байгаагаар 2019-2020 онуудад шийдвэр гүйцэтгэгчийн ажлыг хөнгөвчилсөн, ажлын ачааллыг багасгасан хэд хэдэн томоохон ажлууд хийгджээ. Тухайлбал, тойргийн харьяаллыг шинэчилж тогтоосон, нэг шийдвэр гүйцэтгэгчид хэдэн гүйцэтгэх хуудас ногдох тухай норматив тогтоосон, мөн шийдвэр гүйцэтгэгчид олон төрлийн цаасан лавлагаа авдаг байсан бол одоо регистрийн дугаар хийгээд л цахимаар лавлагаа авч баталгаажуулах боломжтой болсон гээд цахим бүртгэлийн системтэй холбогдсон томоохон ажлуудыг дурдлаа.

Шийдвэр гүйцэтгэгчийн ажил хэл ам, уур уцаар, зовлон зүдгүүр дунд өнгөрнө. Төлбөр барагдуулах чадваргүй, олон нялх хүүхэдтэй, өвчин зовлон, өнчрөл хагацал үзсэн, битүүмжлэх эд хөрөнгөгүй, үмх талх ч үгүй суугаа хүмүүсийн гэрээр ороод сэтгэл нь урагдах шиг болдог хэмээн ахлах дэслэгч Г.Ганбаатар яриандаа үе үе цухас дурдаж байлаа. Бид замдаа элдвийг хуучлан ажлын онцлог, бас бус зүйлсийн талаар ярьсаар ажлын цаг хэднийнэ дуусчээ. Гэвч шийдвэр гүйцэтгэгчдийн хувьд цайны завсарлага болон ажил тарах тогтмол цаг байдаггүй аж. Учир нь тэд ажлаа хийсээр нэг л мэдэхэд үд өнгөрч, харуй бүрийтэй “золгодог” гэнэ.  

 

 

 

 

 

 

 

 



 

 

 

 

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд