loader

Хянагчаас “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” болтлоо хөдөлмөрлөсөн ахмад буурлуудаараа бахархаж явдаг

Бид сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарын зочны буландаа Хорих 427 дугаар ангийн хянагч, ахлах ахлагч Халтарын Ганбаярыг урьж, ярилцлаа. Хамт олон нь түүнийг хянагчийн төвөгтэй боловч хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж яваа зүтгэлтэй, туршлагатай алба хаагч хэмээн дүгнэдэг юм билээ.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагынхаа эхэнд өөрийгөө товчхон танилцуулах нь зүйтэй байх.

“Сүлд инфо” сэтгүүлийн дугаарын зочноор урьж, ярилцаж байгаад баярлалаа. Хамтран зүтгэгч, алба хаагчдынхаа ярилцлагыг уншиж байснаас өөрөө ярилцлага өгнө гэж төсөөлөөгүй явлаа. Миний хувьд 1995 оноос эхлэн энэ байгууллагадаа ажиллаж эхэлсэн. Ажлын анхны гараагаа одоогийн Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд хянагч албан тушаалаар эхэлж байлаа. Түүнээс хойш 21 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хянагчаас гадна Цагдан хорих байрны дарга, шийдвэр гүйцэтгэгч, тоо бүртгэлийн туслах, ээлжийн дарга, ерөнхий жижүүр гээд олон газар томилогдон ажиллаж байсан. Энэ албандаа ирээд 5 жил болж байна.
Байгууллагатай холбогдсон түүхээсээ яриач?
Манай гэр бүл, хамаатан садан дотор хуулийн байгууллагад ажилладаг нэг ч хүн байхгүй. Тухайн үедээ 10 дугаар ангиа төгсөөд цэргийн сургуульд орно гэсэн бодолтой байсан. Өөрийнхөө хүсэл сонирхлоор энэ байгууллагад орсон. Анх 1995 онд Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд томилогдохдоо 2 сар дагалдан хийж байгаад 5 сард нь шалгалт өгч, тэнцээд хянагчаар ажилд орсон.
Мэдээж эхэндээ ажил хийхэд хүндрэл бэрхшээлтэй зүйлүүд байсан л байх?
Хэдийгээр 2 сар дагалдангаар ажилласан боловч бэрхшээлтэй зүйлүүд маш их байсан. Гэхдээ шантралгүй зүтгэсэн. Тухайн үед ажиллаж байсан удирдлага, хамт олон, хашир туршлагатай ахмадуудынхаа ачаар өдий зэрэгтэй явж байна.
Таныг ангийн даргын зөвлөлийн гишүүн гэж сонссон?
Тийм. Даргын зөвлөлийн хуралд оролцдог. Ахлагч бүрэлдэхүүнээ төлөөлөн тэд нарынхаа дуу хоолой нь болж, тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлүүлэхийг хичээдэг.
Ахлагч нарт хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудлууд нь юу байна вэ?
Нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай. Ангийн удирдлага алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар тусалж дэмждэг. Манай анги тоосго үйлдвэрлэдэг бөгөөд алба хаагчиддаа хөнгөлттэй үнээр өгдөг. Манай ангийн хянагч, дэд ахлагч Б.Мөнх-Оргилыг ажил үүргээ гүйцэтгэж байхад гэр нь шатаж, гамшигт өртсөн. Бид хамт олныхоо хүчээр 5х7 хэмжээтэй шинэ байшин барьж, 2016 оны 11 дүгээр сард хүлээлгэж өгсөн. Өрх толгойлсон эмэгтэй алба хаагчид урам зориг өгсөн байх гэж бодож байна. Мөнх-Оргил гэлтгүй бусад алба хаагч нарт байгууллагадаа итгэх итгэлийг нэмэгдүүлсэн чухал үйл явдал болсон.
Ажилдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
Миний эхнэр намайг ойлгож, дэмждэг учир би тайван, сэтгэл амар үүргээ гүйцэтгэдэг. Бидний гэр бүлийнхэн ажлын онцлог, хүнд хэцүүг сайн ойлгодог байх нь чухал. Ер нь алба хаагчдынхаа гэр бүлийнхнийг албаны үйл ажиллагаатай танилцуулж, ямар орчин нөхцөлд, хэрхэн хөдөлмөрлөдгийг харуулж, харилцан санал солилцох уулзалт өдөрлөг хийж байх нь зүйтэй юм. Бидний ажил үүргийн онцлог, ажиллах нөхцөлийг ойлгоод, гэр бүлийнхний хандлага эрс өөрчлөгдөж байгаа нь ажиглагдсан.
Ажлынхаа туршлагаас хуваалцаач?
Ялтануудтай ажиллахад байнгын сонор сэрэмж, хариуцлага шаардана. Хэсэг, салбар хариуцаад ажиллаж байхад ялтнаасаа ялгаагүй дунд нь ороод хамт ажиллаад явдаг байсан. Тийм байдалд ялтнууд таатай байдаг. Зүгээр хараад ингэ, тэг гээд заагаад байх нь гол биш, хамтраад ажиллавал ялтнуудын хандах хандлага өөрчлөгдөж, ажиллах хүсэл эрмэлзлэл нь улам нэмэгддэг.
Ялтнуудтай өдөр тутам харьцаж байгаа учраас харьцааны асуудал дээр хүндрэл гардаг боловч хууль, журмын дагуу шаардлага тавиад ажиллавал хүндрэл бэрхшээл бага гардаг. Бид өөрсдөө үг хэллэг, үйл хөдлөл бүхнээрээ тэдэнд үлгэрлэж байх ёстой.
Хамгийн ихээр эмзэглэж явдаг зүйл чинь юу вэ?
Ял эдлэгсдийн дийлэнх нь залуучууд байгаад эмзэглэдэг. Ид хийж бүтээх насандаа яваа сайхан залуучуудыг хараад харамсдаг. Яг юун дээр алдчихваа гэж бодогддог. Ялтнуудтай ярилцаж байхад гэр бүлийн хүмүүжил, ажиллаж, амьдарч байсан орчин, найз нөхөд, архи, нийгмийн байдал гээд маш олон шалтгааны улмаас гэмт хэрэгт холбогдсон байдаг.
Ажлынхаа бахархалтай сайхан талыг яриач гэвэл?
Төрийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр хандаж, ажил үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх хамгийн сайхан мэдрэмж. Ийм үед ажил албаараа бахархах сэтгэл төрдөг. Бас нэг зүйл нь хянагчаас Хөдөлмөрийн баатар болтлоо хөдөлмөрлөсөн ахмад буурлуудаараа бахархадаг.
Амдралдаа баримталж явдаг зарчим чинь юу вэ?
Зөв явах хэрэгтэй. Аливаа зүйлийг зөв эхлэж байвал төгсгөл нь зөв л байна.
Албаны нэр төрөө өндөрт өргөж явахыг хичээдэг. Яагаад гэвэл та хэн байхаас хамаарахгүйгээр таны хэлсэн нэг үг, нэг үйлдлээр тухайн байгууллагыг дүгнэх учраас. Тиймээс хэлж буй үг, хийж буй үйлдэл бүхэн нь үнэн зөв байх ёстой гэж боддог.
Цалин хөлс амьдралд тань хүрэлцэж байна уу?
Одоогоор оюутангүй байгаа болохоор боломжийн хүрэлцэж байгаа. Бас эхнэр минь ажил хийдэг болохоор дэм дэмэндээ болж л байна. Бид хашаа байшинд амьдардаг. Орон сууцнаас дутахааргүй тохижуулсан болохоор хүндрэл бага байдаг.
Гэр бүлээ танилцуулаач.
Эхнэр, 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Ам бүл тавуулаа. Манай эхнэрийг Баяр-Эрдэнэ гэдэг. “Багануур зоог” ХХК-д няраваар ажилладаг. 2 охин, нэг хүүтэй.
Таны хобби юу вэ?
Сур харвадаг. Сургуульд байхаасаа л сурын спортыг сонирхож эхэлсэн. Ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг.
Тантай ярилцахад сайхан байлаа. Сэтгэлийн тань үгээр ярилцлагаа жаргаая.
Цаашдаа улам хичээж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж явна. Ажлын амжилт нь хувь хүний санаачлага, хичээл зүтгэлээс шалтгаалдаг юм шүү гэдгийг залуу хянагч нартаа захиж хэлмээр байна. Баярлалаа.
Ярилцсан: Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн, ахмад Х.Баясгалан
“Сүлд инфо” сэтгүүл, 2016 оны № 3, 4-ийн 61-62 дугаар тал.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд