loader

“Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль сахиулах үйл ажиллагааны хамгийн хүнд чиг үүрэг юм”

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн байдал, шинэчлэлийн талаар ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Ж.Наранбаатартай ярилцлаа.
Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа  хүнд алба, энэ ажлын талаар хүмүүс сайн мэддэггүй,  өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл хэрхэн явагдав?
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэхээр манай иргэд сайн мэддэггүй, ямар нэг маргаан, төлбөрийн асуудал өөрт нь тохиолдсон үед энэ талаар ойлголт бий болдог байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өнгөрсөн хугацаанд шүүхийн  шийдвэрийн биелэлтийг хангах, үйл ажиллагааны чиглэлээр  үе шаттай ажлуудыг багагүй хэрэгжүүлсэн. 2015 онд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нээлттэй байдлыг бий болгох, алба хаагчдынхаа нийгмийн асуудал, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт шийдвэр гүйцэтгэгчдийнхээ дунд болзолт уралдаан зарлан ажилласнаар 16347 гүйцэтгэх баримт бичгийн 168.2 тэрбум төгрөгийг барагдуулж, мөн шийдвэр гүйцэтгэгчдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр давтан сургалтыг явуулсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн иргэн, хуулийн этгээдийн хоорондын төлбөрийн асуудалтай хамааралтай явагдаггүй, тэжээн тэтгүүлэх болон шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны онцлогоос хамаарч хуулийн этгээдийн хувьцаа хуваах, үйл ажиллагааг нь зогсоох,  шинээр бүртгэл хийх, бүртгэлээс хасах,  эрх зүйн актын биелэлтийг хангуулах, хариуцагчид даалгасан үүргийг гүйцэтгүүлэх, хориглох зэрэг ажиллагааг хэрэгжүүлж байна. Нийт гүйцэтгэж байгаа шүүхийн шийдвэрийн маань 70 орчим хувийг иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх баримт бичиг эзэлдэг.
Шүүхийн шийдвэр биелэгдэггүй, иргэдээс мөнгөө авах гэж их цаг хугацаа зарцуулдаг талаар гомдлууд их байдаг. Ер нь шүүхийн шийдвэрийг биелүүлж дуусгах хугацаа гэж байдаг уу?
Шүүхийн шийдвэр биелүүлж дуусгах хугацаа заасан зохицуулалт хуульд байхгүй,  гэхдээ тодорхой ажиллагааны хугацааг зохицуулсан заалтууд бол бий. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаа, худалдан борлуулах ажиллагаа гэх мэтээр ажиллагаа явуулах хугацаа тогтоосон байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маань тухайн төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, хөрөнгө орлогоос шууд хамаарч явагддаг онцлогтой. Жилд дунджаар улсын хэмжээнд 40 мянга гаруй гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа явагдаж байгаагийн 9 мянга гаруй нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой байна.
Манай иргэд шүүхээр маргаанаа  шийдвэрлүүлэхээр хандаж байгаа ч  хариуцагчийнхаа эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авахуулдаггүйгээс шүүхээр маргаан шийдэх хугацаанд нөгөө хариуцагч хөрөнгөө бусдад шилжүүлэх, зарж үрэгдүүлсэн байдаг нь шүүхийн шийдвэрийг шуурхай биелүүлэхэд нөлөөлж байна.
Энэ чиглэлээр тоо баримтаас харахад жилд шүүхээс ирж байгаа гүйцэтгэх баримт бичгийн зөвхөн 5 хувь нь хөрөнгө хамгаалах ажиллагаа явагдсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч маань шүүхийн шатанд хариуцагчийн хөрөнгийг хамгаалуулах арга хэмжээг авахуулах шаардлага байгаа нь дээрх хэлсэн тоо баримтаас харагдаж байна.
Мэдээж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад хэн нэг этгээдийн эд хөрөнгийн болон хөрөнгийн бусад эрхэд халдах, эрх хязгаарлах зэрэг ажиллагаа явуулах шаардлага үүснэ, үүнтэй холбоотой гомдлууд ч ихээр гардаг, ялангуяа төлбөр төлөгч цаг хугацаа хожих, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж адилхан агуулга, утга бүхий гомдол, нэхэмжлэлийг шүүх болон эрх бүхий байгууллагад гаргах зэргээр ажиллагаанд саад учруулах тохиолдлууд их байна. Гомдлын хувьд үндэслэл бүхий гомдлыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа.
Шүүхийн шийдвэр нэг бүр биелэгдэх ёстой, энэ чиглэлд багагүй анхаарч удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг чиглүүлэн ажиллаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд төрийн алба хаагчдыг ажлаас үндэслэлгүй халсан, буцаан томилох шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэх асуудлууд нийгэмд багагүй шуугиан тарьж, хэлэлцүүлэг ч өрнөж байсан. Энэ төрлийн ажиллагаа хэрхэн явагддаг вэ?
Эрх бүхий албан тушаалтны хууль бус үйлдлээс шалтгаалан төрийн албан хаагч ажлаас халагдах, мөн төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх, төрийн байгууллага татан буугдах, нэгтгэх зэрэг зохион байгуулалтай холбоотойгоор төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, сэлгэх зэрэг асуудлаас үүдэн ажилд эгүүлэн томилох асуудалтай холбоотой маргаан шүүхээр ихээр шийдвэрлэгдэж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 2015 онд 46 иргэнийг, 2016 онд 143 иргэнийг ажилд эгүүлэн томилсон. Ер нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт дутмаг, гүйцэтгэх арга, журам тодорхойгүй, гүйцэтгэхэд ч хүндрэлтэй. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд анх удаа захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зохицуулалтын шинэ бүлэг тусгагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үйлчлэхээр хуульчлагдаад байна.
Хууль хэрэгжиж эхэлснээр шүүх эрх мэдлийн байгууллага маань гаргасан шийдвэртээ өөрсдөө хяналт тавих, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэм буруутай эрх бүхий албан тушаалтанд мөнгөн торгуулийн арга хэмжээ оногдуулах хариуцлагын тогтолцоо бий болох юм.
Одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн хувьд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл өгөх, хариуцлага тооцох санал гаргах зэргээр ажиллагаа хязгаарлагдаж, хариуцлагын хэмжээ үр нөлөө багатай байгаа.
Ганцхан жишээ дурдахад, шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халсан сумын Засаг дарга нарыг буцаан томилохыг аймгийн Засаг даргад даалгасан ажиллагааг гүйцэтгэж байна. Гэтэл нөгөө аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ тухайн албан тушаалд ажиллаж байгаа иргэнийг ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа 7 сарын дараа чөлөөлөхөөр шийдвэр гаргаж, уг шийдвэр гаргаснаа шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэж тайлбарлаж байх жишээтэй, нөгөө талаар зарим эрх бүхий албан тушаалтан иргэнийг томилсон өдрөө, эсхүл тодорхой хугацааны дараа буцааж халах гэх зэргээр шүүхийн шийдвэрийн биелэлтийг хэлбэр төдий, дүр эсгэн биелүүлсэн үйлдэл гаргаж байна.
Эрх бүхий албан тушаалтнуудад шүүхийн шийдвэрийг ёсчлон биелүүлэх эрх зүйн ухамсар төлөвшөөгүй, эрх ашиг, сонирхолдоо ихээр хөтлөгдөх байдал ажиглагддаг.
Иргэдийн дунд нэг ийм буруу ойлголт яваад байдаг шүү дээ. Төрийн албан хаагч алдаагаргалаа гэхэд тэр төрийн алба хаагч ажлаасаа халагдах ч юмуу тэгээд л асуудал нь өнгөрчихдөг. Хохирлыг төр барагдуулаад өнгөрдөг, хохирол нөхөн төлүүлэх асуудал дээр эрх зүйн орчингсайжруулах ямар боломж байгаа бол?
Албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас ажлаас халагдсан иргэний албан тушаалд шинээр томилогдсон ажилтанд цалин олгох мөн үндэслэлгүй халагдсан иргэн буцаан томилогдсон тохиолдол мөн л ажилгүй байсан хугацааны цалин авах шаардлага үүснэ, тэгэхээр 1 албан тушаалд давхардсан 2 цалин олгож байна гэсэн үг, цаашлаад төсөвт энэ хэмжээгээр хохирол учирч байна.
Төрийн албаны тухай хуульд зааснаар бол албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг эрх бүхий байгууллагад олгосон байдаг ч хуулийн заалт амьдрал дээр төдийлөн хангалттай түвшинд хэрэгжихгүй байна. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа дутмаг байна. Хяналтын тогтолцоо бүрдэж, хуулийн зохицуулалт хэрэгжиж байж л хариуцлагын систем ажиллах ёстой гэж  харагдаж байгаа, эрх зүйн зохицуулалтын хувьд холбогдох хуульд хуульчилсан.
Хууль бусаар төрийн бүх шатны алба хаагчдыг үндэслэлгүй халсан шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлагыг шууд оногдуулдаг эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгон хэрэгжүүлбэл төрийн албаны үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явагдах, мэргэшсэн алба хаагчид тогтвор суурьшилтай ажиллах төдийгүй, мерит зарчмаар боловсон хүчин бэлтгэгдэхээс гадна улсын төсөвт санхүүгийн хүндрэл учруулж буй нэг ч гэсэн сөрөг нөлөөлөл, хүчин зүйл багасна.
Хэрэгжүүлж буй чиг үүрэгтэй холбоотойгоор нэлээдгүй ярилцлаа, энэ чиг үүргийг хэрэгжүүлж буй алба хаагчдын ёсзүйн асуудлаар багагүй гомдол санал гаргадаг,  мөн алба  хаагчид гэмт халдлагад өртөх явдал байдаг уу?
Хэн нэгний эд хөрөнгөд нь халдахаар тухайн этгээд дуртай байхгүй  нь мэдээж хэрэг. Үүнтэй холбоотой гомдол санал ч гаргах нь ойлгомжтой. Хууль сахиулах байгууллагуудын дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яахын аргагүй хүнд, эрсдэлтэй албанд тооцогддог. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчдын 70 орчим хувь нь эмэгтэй алба хаагчид байдаг.
Алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах чиглэлээр энгэрийн камер олгож, мөн хуульд зааснаар нэг бүрийн тусгай хэрэгсэл резинэн ба хуванцар сумтай буу, нулимс асгаруулагчаар хангах ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Алба хаагчдыг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, үйлчилгээний стандартын хүрээнд чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зорилгоо болгож, үйл ажиллагааны чиглэлээр стандарт тогтоох ажлыг эхлүүлээд явж байна.
Гарч байгаа өргөдөл, гомдлоос харахад ажиллагаанд оролцож байгаа дийлэнх этгээдүүдээс санаатайгаар алба хаагчдыг гүтгэх, худал баримт бүрдүүлж гомдол гаргах асуудлууд багагүй байдаг. Тэгэхээр энэ халдлагаас урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд зайлшгүй хийгдэх ёстой, алба хаагчдаа эрсдлээс хамгаалж, тэдний ажиллах орчныг бүрдүүлэх шаардлагатай. Төлбөр төлөгч, төлбөр авагчдын хувьд эрх зүйн ухамсар  тогтоогүй, зөвхөн өөрийгөө гэсэн дэндүү хувиа хичээсэн, нэгнийгээ заавал чадах гэсэн үзэл бодлоор ханддагаас ажиллагаанд нэлээд хүндрэлийг үүсгэдэг.
Цаашдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах, боловсронгуй болгохын тулдямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хууль тогтоомжийн шинэчлэл явагдаж байгаа. Ижил төрлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг гадаад орны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлогыг судалж, ажиллагааг олон улсын жишиг хандлагад ойртуулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна.
Хууль тогтоомжийн шинэчлэл явагдаж байгаатай холбоотойгоор ташаа мэдээллүүд  гарч байна, хуулийн үзэл баримтлалыг ойлгохгүйгээр иргэдээс өөрсдийн дүгнэлт, үзэл бодлоо хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлэх явдал байна.
Олон улсын жишиг, хандлага ямар зохицуулалттай байдаг вэ?
Олон улсын жишиг, хандлага зохицуулалтаас харахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиг үүргийг холимог тогтолцоо хэлбэрээр гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл хувийн болон төрийн байгууллага шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байна гэж ойлгож болно. Энэ тогтолцоо дэлхийн дийлэнх улс орнууд хэрэгжиж байгаа, тухайлбал ХБНГУлс гэхэд 100 гаруй жилийн эрх зүйн зохицуулалттай, БНСУ, Молдав, Болгар улсууд холимог тогтолцоотой, зарим улс орнууд хувийн гүйцэтгэгч дангаар үйл ажиллагаа явуулдаг.
Холимог тогтолцоонд шилжихээр л баахан мөнгө нэхэж, иргэдийг дарамтлах юм байна гэсэн ойлголт байх шиг байна. Ямар ч төрийн хяналтын системгүйгээр энэ үйл ажиллагаа явагдахгүй нь тодорхой шүү дээ. Мэдээж чиг үүргийг тодорхой шалгуур, шаардлага хангасан этгээдэд олгох, тэднээс явуулах үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллага хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа олон улсын жишиг хандлага рүү ч чиглэгдэх ёстой. Тогтолцооны хувьд нотариатчийн үйл ажиллагаатай төстэй байдлаар Монголд хэрэгжинэ гэж ойлгож болно.
Шийдвэр гүйцэтгэгчдийн урамшууллын талаар мэдээлэл өгөөч?
Шийдвэр гүйцэтгэгчдэд гүйцэтгэсэн үнийн дүнгээс хамаарч хуулиар тодорхой урамшуулал олгохоор заасан, дээрх шинэчлэлийн хүрээнд урамшууллын асуудал байхгүй болж, тухайн алба хаагчдын ур чадварт тохирсон мэргэшлийн зэрэг тогтоох, түүнд хамаарах нэмэгдэл олгох тогтолцоо бий болох юм.
Эрх зүйн орчин бүрдэхээс гадна түүнийг хэрэгжүүлэгч алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын байрны орчин нөхцөлийг бүрдүүлэх нь шийдвэрлэх гол асуудлын нэг болж байна. Алба хаагчдаа сургах, үйл ажиллагаагаа шуурхай явуулахад техник, тоног төхөөрөмжийн хангалт хийх зэрэг олон асуудлууд бий, төсвийн байгууллага учир нэг дор бүгдийг шийдэж чадахгүй ч тусгай хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн шинэчлэл хийх асуудлыг шийдвэрлэхээр зорин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд төлбөр төлөгч, түүний хөрөнгийг тогтоох ажилд маш их цаг, хугацаа зарцуулдаг байсан. Өнөөдөр энэ чиглэлд анхаарч ажилласнаар тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн зогсоох, сэргээх мөн Улсын бүртгэлийн цахим сангаас иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах боломжтой болсон.
Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны мэдээлэл авч, хориг тавих ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлж, мөн Санхүүгийн зохицуулах хороотой ч мэдээлэл солилцохоор хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байна. Цаашдаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл, ашигт малтмал, үнэт цаас, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллаж, төлбөр төлөгчийн болон түүний эд хөрөнгийн мэдээлэл авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ.
Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нээлттэй, шуурхай явуулах чиглэлээр ч анхаарч ажиллаж байна. Тухайлбал иргэдэд мэдээллийг гар утас, цахим хэлбэрээр өгөх, мөн төлбөр авах иргэн, хуулийн этгээдээс өөрт холбогдох шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байгаа ажиллагааг тусгай эрхээр цахим санд нэвтрэн харах боломжийг бүрдүүлэхээр Олон улсын шийдвэр гүйцэтгэгчдийн холбоотой хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2016-05-24-ний өдрийн дугаар

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд