loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИЙН ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ, ХОШУУЧ Б.ДАРХАНБАТЫН НЭГ ӨДРИЙН АЖЛЫН ФОТО СУРВАЛЖИЛГА

Их хотын хөл хөдөлгөөн, хүмүүсийн холхион тасрахгүй. Айсуй намрын эдгээр өдрүүдийн эхэнд буюу наймдугаар сарын сүүлийн долоо хоногт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр тохиодог.

Бид энэ өдрийг угтан Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн, эмчилгээ эрхэлсэн орлогч, хошууч Б.Дарханбатын ажил, үүрэгтэй танилцлаа.


Хошууч, Б.Дарханбатын хувьд 10 гаруй жил шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаа бөгөөд түүний гэргий Ш.Хонгорзул мөн тус байгууллагад ажилладаг. Б.Дарханбат эхнэртэйгээ Анагаахын нэг ширээнээс амьдралаа холбож, өдгөө амьдралын эгэл бор өдрүүдийг хайр энэрэл, итгэл сэтгэлээр жигүүрлэн, эмчийн тангарагаас цэргийн тангараг, төрийн албан хаагчийн тангараг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтны тангараг өргөн, хос тангарагтай болжээ.

Эмээгийн бор хүү элэгсэг найрсаг, дөлгөөхөн зантай аж. Хоёрхон сартай нялх хүү өвөө эмээгээ дагаад Бүгд найрамдах Чех улсыг зорьсон түүхтэй. Сургуульд орох насандаа эх орондоо ирсэн тэрбээр бусад хүүхдүүдийн адил хөгжөөн найр, дурсамж дүүрэн бага насаа элээжээ. “Шинэ Монгол” сургуулийн анхны элсэгч, мөн анхны төгсөгч гэнэ. Япон сургалтын системээр сурсан Б.Дарханбатын хувьд улс, нийслэлийн уралдаан тэмцээн, олимпиадуудыг алгасаж үзээгүй. Сурлагын дүнгээрээ өрсөлддөг тэдний үед сургуулиас нь степент олгодог байжээ. Сурагчийн сонинд гарсан хайчилбараас эхлээд шаргал медалиуд түүний цуглуулганд олон бий.

Түүний гэр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд бөгөөд 13-р хороолол руу хуучны цагаан автобусаар олон хүн дунд хавчуулагдаад, хөл газар хүрэхгүй л явдаг байлаа хэмээн тэрбээр инээмсэглэн ярив. 

Оюутны амьдралыг ардаа үлдээж, Говьсүмбэр аймагруу дадлагажигчаар томилогдож, Говьсүмбэр аймгийн эмнэлэгт ажиллаж байгаад 2009 онд тухайн аймгийнхаа хорих ангид эмчээр томилогдсоноор түүний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах үүд хаалга нээгджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад томилогдсон тухайн үеийн сэтгэгдлээс нь хуваалцахад “Үнэхээр өөртөө итгээгүй. Ямар ч төсөөлөлгүй явсан. Гэхдээ эр хүн цэргийн албанд ажиллана гэдэг сайхан шүү дээ” гэв. Байгууллагын хувьд ч боловсон хүчнээ анхааран сурч хөгжих боломжоор ханган, дэмжиж байдагт баярлаж явдгаа ч илэрхийлэв. Хамт ажилласан дарга бүрээсээ олон зүйлийг сурдаг бөгөөд итгэл хүлээлгэн ажиллуулж, урамшуулан дэмжиж явсны хүчинд энэ хүртэл сайн сайхан явж байгаагаа ч хэлэв.

Ингээд хошууч, Б.Дарханбатын ажлын нэг өдөртэй танилцъя.

Б.Дарханбат гэрээсээ ажил руугаа өглөө бүр 07.20-д гардаг. Шинэхэн талхны үнэр, дэлгүүрийн нээх хаалга, түгээлтийн машин, үйлчлэгчийн хог шүүрдэх чимээ...



Зөөлөн бороо шивэрсэн өглөө байлаа. 3-р цахилгаан станц. Хүн бүр ажил руугаа яарч, их хотын амьдрал эхэлжээ.





Өглөөний 08:04 минут. Хошууч Б.Дарханбат ажил дээрээ ирэв. Өрөөндөө орсон тэрбээр өглөөний рапорт, хурлаас өмнө хувцсаа сольж, ажилдаа бэлтгэв. Үүний дараа ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хурандаа Э.Бямбадоржоос үүрэг авав.



09:00- 09:15 цагийн үед өрөөндөө эргэн орж ажлаа төлөвлөөд эмнэлгийн жижүүрийн нөхцөл байдлын мэдээг авав.  Дараа нь эмчилгээний түүвэр захиалгуудыг хянаж, баталлаа.



Ингээд ээлж хүлээлцэхэд хяналт тавьж, тойрон үзлэг хийн тасаг нэгжийн үйл ажиллагааг шалгаад эмч нарыг мэргэжлийн удирдлагаар хангав.



Цагдан хорих байрны эмчийн өдөр тутмын ажлын нэг нь өөрийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хоригдогч өвчтөний биеийн байдлын үзлэгийг тасаг бүрээр үзэх явдал байдаг.



Мөн дуудлагаар цагдан хорих байранд үзлэг хийдэг бөгөөд 11 цагийн орчимд цагдан хорих байр руу нэвтэрлээ.





Хоригдогсдын дундаас эрүүл мэндийн хувьд хүнд оноштой, эсхүл онолш нь тодрохгүй байгаа эмчлүүлэгсдэд эмч нарын хамтарсан үзлэгийг зохион байгуулж, эмн нарын зөвлөгөөн хийдэг. Зарим тохиолдолд гадны эмнэлэг илүү дэлгэрэнгүй шинжлүүлэх шаардлага гардаг. Энэ үед хоригдогсдын эрүүл мэндэд онцгой анхааран бүхий л шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг.





Хоригдогсдын хувьд дийлэнх нь Цагдан хорих байранд ирээд эмнэлгийн үзлэг оношилгоонд хамрагдан өөрийгөө суурь өвчтэй, тэр бүү хэл хорт хавдар туссанаа мэддэг. Учир нь тэд нийгмийн харилцаанд чөлөөтэй орж яваа үедээ биедээ төдийлөн анхаардаггүй бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ барагтай бол авдаггүй аж. Өдөр 13 цагийн орчимд хоригдогч Ц-д
MRI-ийн шинжилгээ хийлгэхээр нарийн мэргэшлийн эмнэлэг рүү авч явав.



Ажилчдын үдийн цайны цаг хэдийнэ өнгөрсөн ч тэрээр хөнгөхөн хооллоод 14:30 минутад хурал зарлуулав. Тухайн хурлаар эрүүл мэндийн хувьд анхаарал татах хориг догсдын эмчилгээ оношилгооны чиглэлээр мэдээлэл авч зөвлөлдлөө. Ингээд тус эмнэлгийн ерөнхий эмч, дэд хурандаа Ш.Баянбаатарт мэдээлэл өгч, чиглэл авав.



Ангийн үйл ажиллагаа бүхэлдээ хөл хөдөлгөөн дунд өнгөрнө. Хурал зөвлөгөөн, үзлэг оношлогоо гээд тухтайхан суугаад кофе уух цаг ч хомс юм. 16 цагийн орчимд гамшиг осол, гоц халдварт өвчний үед эмнэлгийн шуурхай штабын үйл ажиллагааг хангах, бэлэн байдлыг хангах чиглэлээр эмч, сувилагчдад хошууч Б.Дарханбат мэдээлэл өглөө.



Үүний дараа дараагийн ажлаа төлөвлөж, зарим нэг ажлын талаар алба хаагчидтай зөвлөлдөв.



Мөн хоригдогсдын өмгөөлөгч, ар гэрийнхэнд эрүүл мэнд, биеийн байдлынх нь талаар тодорхойлон мэдэгдсэн хуудсыг Шалган нэвтрүүлэх байранд үлдээснээр түүний өнөөдрийн ажил дууслаа.



Ийнхүү хөл хөдөлгөөнтэй нэг өдөр өнгөрөв. Хорих ангийн үйл ажиллагаа, тус эмнэлгийн алба хаагчдын ажлын нэг өдөр асар их хариуцлага дунд өнгөрдөг. Чөлөө завсаргүй үзлэг, оношилгоо, дуудлага, анхаарал татсан хоригдогсдын биеийн байдал, хяналт гээд олон ажлын ард тэд амсхийх чөлөөгүй...



 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд