loader

АМЬДРАЛЫН ДОЛООН ӨНГӨ



Нэг их нозоором халуун салхитай, сул шороо үе үе боссон өдөр байлаа. Болзсон ёсоороо өглөөний 10:00 цагт Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны үүдэнд ирэхэд тэд хэдийнэ бэлэн болжээ. Тэд гэдэг нь шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго, С.Самъяа нар.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг өдрийг сурвалжлахаар уулзаж байгаа нь энэ. Тэд хоёулаа тэвэр дүүрэн баримт барьцгаажээ. Энэ бол мэргэжлийн хэллэгээр шийдвэр гүйцэтгэх хуудас буюу өр, төлбөрийн материал. Өдөрт тэдэнд дунджаар ес, зарим хүнд бүр 20 гүйцэтгэх хуудас ногддог гэнэ. Энэхүү баримтыг хэрхэн тараах, юу хийх тухай огт төсөөлөлгүйгээр тэдний ажлыг сурвалжлахаар унаанд суулаа.
Сурвалжлагийнхаа үндсэн дэгийг багахан зөрчөөд, өрнөлөөр биш тайллаар эхлэхийг минь уншигч та зөвшөөрнө үү. Бид шийдвэр гүйцэтгэгчийг 16:00 цаг хүртэл дагаж явахдаа долоон айлаар орсон юм.Тэгэхэд тэрхүү долоон айл Монголын амьдралын долоон өнгийг харуулсан нь сэтгүүлч миний хувьд уран бүтээлийн их том олз байсан билээ. Сурвалжлага болгон үр өгөөжтэй, “амьд” болдоггүй. Харин энэ удаагийн сурвалжлагаас дотогшоо огшмоор, гадагшаа багтармаар сэтгэлийн олон хөдөлгөөнийг айл бүрийн амьдрал, хүн бүрийн ярианаас амссан минь “хурдхан бичихсэн” гэж адгадаг тийм хөгийг өгсөн юм.
“Түмпэнтэй халуун ус урдаас цацаж, эсвэл нохойгоо өмнөөс тавьчихдаг хүмүүс бий”
Шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго Хан-Уул дүүргийн 139 дүгээр тойргийг хариуцдаг. Бидний анхны очсон газар Нисэхийн саарал байр дахь нэг айл байв. Тэднийх “Капитал” банкнаас зээлсэн өрөө хугацаанд нь төлөөгүй тул ийнхүү албадан төлүүлэхээр болжээ. Нэг өрөөг хоёр болгож тасалсан, хэтэрхий их эд хогшлоосоо болж улам зайгүй болж харагдах энэ гэрийнхэн есүүлээ амьдардаг. Биднийг ороход охин нь л ганцаараа байв.
-Ээж нь хаачсан бэ?
-Ажилдаа явсан.
-Ээж нь ямар ажил хийж байгаа вэ?
-Юу ч гэмээр юм бэ дээ. Сургалт ажиллуулдаг.
-Ямар сургалт?
-…Нягтлан бодох бүртгэлийн.
-Өрөө яаж барагдуулах гэж байна вэ?
-Уг нь байраа худалдах гээд зар өгсөн. Хүмүүс ирж үздэг ч авах хүн олдоогүй л байна.
-Хэдээр худалдах гэж зар өгсөн юм бэ?
-60 саяд.
Хэрвээ хөрөнгийг битүүмжилсэн хугацаанд өрөө төлөхгүй бол хурааж, үнэлж, үнийг нь тогтоогоод худалдах замаар нэхэмжлэгч талын мөнгийг гаргуулах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлын эцсийн арга хэмжээ. 
М.Үүлэнсолонго охиноос энэ мэт товч мэдээлэл авсны дараа ээж рүү нь залгаж, “Байрыг чинь битүүмжлэлээ. Байрандаа хэвийн амьдарч болно. Гэхдээ түрээслэхгүй, засвар хийхгүй, энэ байдлаар нь хадгал” гэж тэрбээр бараг нэг л амьсгаагаар дуржигнуулчихав. Хуулийн дагуу эхлээд мэдэгдэл хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн өгсөн хугацаанд өрөө барагдуулахгүй бол хөрөнгийн үзлэг хийж улмаар битүүмжилдэг ажээ. Хэрвээ хөрөнгийг битүүмжилсэн хугацаанд өрөө төлөхгүй бол хурааж, үнэлж, үнийг нь тогтоогоод худалдах замаар нэхэмжлэгч талын мөнгийг гаргуулах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлын эцсийн арга хэмжээ. Дээрх айлын хувьд хоёрдахь шатны арга хэмжээг авахаа мэдэгдээд гарлаа.
Өр нэхэх гэж яваа болохоор хэдийгээр албаны ажил хийж яваа ч гэсэн хаалгыг нь тогшихоос ч халгамаар санагддаг юм билээ. Харин эхний айлд орсныхоо дараа тэр айдас бага зэрэг дарагдаж, “Хүмүүс уурлаж, ундууцаад бөөн юм болдог байх гэж бодсон. Гайгүй юм байна, тийм ээ” гэтэл “Хэцүү айлууд ч бий. Түмпэнтэй халуун ус урдаас цацаж, эсвэл нохойгоо өмнөөс тавьчихдаг хүмүүс бий шүү дээ. Чамайг юм авч шиддэг айлууд руу оруулах гэсэнгүй” гээд тэр хоёр инээв. Дараагийн айл руу орох замдаа М.Үүлэнсолонгоос зарим зүйлийг тодрууллаа.
-Шүүхээс ямар төрлийн шийдвэрүүд хамгийн их ирдэг вэ?
-Зээлийн гэрээтэй холбоотой өр төлбөрийн хэрэг хамгийн их ирдэг. Дараа нь ажилд эргүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр их ирдэг болсон.
-Өр төлбөрийн асуудлыг шийдэхэд хугацаа их ордог байх даа?
-Нэхэмжилж байгаа мөнгөн дүн болон төлбөр төлөгчийн төлбөрийн чадвараас хугацаа нь хамаарна. Бид төлбөр барагдуулсан сар бүрийн үзүүлэлтээрээ ажлаа дүгнүүлж явдаг. Хамгийн хүндрэлтэй асуудал бол төлбөрийн чадваргүй байдал. Төлбөр төлөх ёстой хүн нь хорих ангид ороод суучихдаг, гэтэл ард нь үнэлэх хөрөнгө байдаггүй. Тэгсэн мөртлөө тэд гараад дахиад хулгай хийх жишээтэй. Энэ мэт хүндрэлээс болж 2010 оны төлбөрийн материал шийдэгдэхгүй явсаар байхад өнгөрсөн оных бүгд дууссан тохиолдол ч байна.Эдийн засгийн байдлаас болоод өр төлбөртэй холбоотой шүүхийн шийдвэрүүд энэ онд илт ихэссэн. Өмнө нь бол шүүхийн шийдвэр гарсны дараа зарим хүн хоорондоо тохиролцоод төлбөрөө шууд барагдуулдаг байсан гэв.
“Ажилд ороод гурав хоноод л уйлж байлаа”



Хоёрдахь айл бас л Нисэхийн нэг байрных байв. Энэ айл хэдийнэ хоёр цахилгаан бараагаа битүүмжлүүлсэн, өрөө төлөхгүй бол хураалгахад хүрээд байгаа аж. Нөхөр нь хаалгаа тайлав.

-Танайх яагаад хугацаандаа өрөө төлж барагдуулахгүй байна вэ. Би нэг мөсөн төл гээгүй шүү дээ, хэсэгчлэн төлөх хуваарь гаргаад өгчихсөн байхад ядаж тэр дагуугаа төлөөд бай л даа.

-Харин тийм ээ. Би эхнэрт “Тэр өрөө төл. Танихгүй хүмүүс байнга гэр орноор ирээд байх юм” гэж хэлсэн.

-Та гэр бүлийнх нь хүн байж, эхнэрийнхээ өрөөс төлөлцөж болдоггүй юм уу?

-Би хөдөө явдаг ажилтай, оюутан хүүхэдтэй, чадахгүй.

-Хуваарийнхаа дагуу төлөхгүй бол дараагийн удаа битүүжилсэн хөргөгч, пилеткийг чинь хураана шүү. 

-Ойлголоо. Эхнэрээ ирэхээр ярилцъя.

Нэг гэрт амьдардаг хэрнээ эхнэрийнхээ өрийг тоож үзсэн шинжгүй ярих нөхөр биднийг бушуухан гаргахын түүс болгоод хаалгаа хаав. “Хүмүүс эд хөрөнгөдөө хайртай байдаг. Яг хураалгах дээрээ тулахаар уйлаан майлаан дээрээ тулаад бөөн юм болдог” гэж М.Үүлэнсолонго хэлсэн. Тэрбээр мэргэжлээрээ ажиллаад долоон жил болж байгаа. Эмэгтэй хүний хувьд эрсдэл ихтэй ажил ч гэлээ эрэгтэйчүүд энэ албанд цөөхөн байдаг гэнэ. Тиймээс Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Мөн тус газар 40-өөс доош насныхан ажилладаг, харьцангуй залуу байгууллага ажээ. Бид дараагийн айлд хүрэх замдаа өмнөх яриагаа үргэлжлүүллээ.

-Танай ажлыг ойлгохгүй, “яагаад хүний өмнөөс өр нэхээд байгаа юм бэ” гэх байдлаар ханддаг хүмүүс хэр таардаг вэ?

-Нийгмийн амьдралаас болж хүмүүс их стресстэй байна. Манай ажлыг ойлгодоггүй нэг хэсэг байхад ойлгож байсан ч ойлгохыг хүсдэггүй бас нэг хэсэг бий. Тийм хүмүүс өрөө төлөхгүй байх талаас нь хөөцөлдөж,  бидний ажилд гомдол мэдүүлж, удирдах газарт өгөх тохиолдол ч байдаг. Бичиг баримттай холбоотойгоор шүүхэд хүртэл дуудагддаг.

Настай хүмүүс шал өөр. Бидний ажлыг их ойлгоно, нухацтай хандана. “Манай удамд ийм юм байгаагүй” гэж хүүхдүүдээ тас загнаад төлүүлнэ. Болохгүй бол өөрөө тэтгэврийн зээл аваад тэр дор нь төлдөг. Харин залуус бол “хүнд” шүү дээ. (инээв)

-Өр нэхэж байгаа учраас хүн мэдээж таатай хандахгүй. Яаж тэр хүнд харилцааг зөв тийш нь залдаг вэ?

-Бид хүн л юм чинь нервтэнэ. Гэхдээ тэртэй тэргүй төлбөр төлөгч, авагч хоёр нь нервтэй байхад би дунд нь стрестээд байж болохгүй. Энэ ажлыг хийхэд харилцааны арга барилд л их сайн суралцдаг юм даа. Мөн манайхаас сэтгэлзүйн сургалтыг шийдвэр гүйцэтгэгчдийн дунд явуулдаг. Анх би энэ ажилд ороод гурав хоноод л уйлж байсан. “Ийм хэцүү ажил байсан юм уу” гээд (инээв). Манайхан цагдаагийнхантай их хамтарч ажилладаг. Тэд “Танайх үнэхээр балай ажил” гээд толгой сэгсэрдэг юм.

Утас бол мөнхийн дугараастай. Төлбөр авах гэж байгаа нь нэг залгана, өгөх гэж байгаа нь бас залгана. Ээж аавтайгаа ярьж амжихгүй мөртлөө нөгөө “нөхөдтэй”-гөө үргэлж ярина. Хүний амьдрал баян учраас мөнгөнөөс гадна өөр олон төрлийн шийдвэр гүйцэтгэлийн ажил ирнэ шүү дээ. 

Утас бол мөнхийн дугараастай. Төлбөр авах гэж байгаа нь нэг залгана, өгөх гэж байгаа нь бас залгана. Ээж аавтайгаа ярьж амжихгүй мөртлөө нөгөө “нөхөдтэй”-гөө үргэлж ярина. Хүний амьдрал баян учраас мөнгөнөөс гадна өөр олон төрлийн шийдвэр гүйцэтгэлийн ажил ирнэ шүү дээ. Жишээ нь орц чөлөөлөх, байшин нураах, газар чөлөөлөх гэх мэт. Тэр байтугай хүрз, жоотуу гаргуулах нэхэмжлэх хүртэл ирж байсан. Нэг талаараа манайхан их завтай. Аливаа хэрэг шүүхийн шатандаа дор хаяж нэг жил болдог. Хүрз, жоотууны асуудал бол анхан шатны шүүхээр харьцангуй богино хугацаанд шийдэгдэх ч гэлээ тийм зүйлийн төлөө бичиг баримт бүрдүүлээд явж байдаг хүмүүсийг завтай гэхээс яах вэ.

-Та бүхэн долоо хоногт нэг удаа албаны унаагаар явдаг гэж байна. Бусад үед өөрсдийнхөө унаагаар явж ажлаа хийдэг гэсэн үг үү?

-Тийм. Самъяа бид хоёр унаагүй ээ, сайн алхана шүү дээ.

-Манайхны хаягжилт муу. Түүнээс болоод айлаа олох гэж их будилдаг байх аа?

-Хаягжилт тухайн хорооноосоо шалтгаалаад янз бүр л дээ. Айлаа бүр олохгүй бол хорооны байцаагчаас тусламж авдаг. Гэхдээ зарим айл “Манайхыг зааж өглөө” гэж загнадаг гэсэн. Тиймээс заримдаа тэд хашааны булангаас зааж өгчихөөд буцдаг. (инээв) Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, хаалгаа тайлдаггүй айлууд бас байна. Тийм айлын үүдэнд нь хонох ч үе бий.

-Өр нэхэж яваад, таньдаг айлтайгаа таарах тохиолдол бий юу?

-Манай нэг шийдвэр гүйцэтгэгч, өөр нэг шийдвэр гүйцэтгэгчийнхээ гэрт андуураад орсон тохиолдол байдаг юм.

“Амьдралд эзлэх эрчүүдийн байр суурь хаана байна”

Бидний очсон гуравдахь газар гэр хорооллын дундахь хүнсний дэлгүүр байлаа. Худалдагч эмэгтэй, ээж нь бололтой нэг настны хамт лангууны ард, харин урд нь нэг согтуу эр газар өвдөглөөд суучихсан, хажууд нь нэг бага насны хүүхэд байв. “70 мянган төгрөгийн өр тавьчихаад, ичихгүй архи нэхээд байх юм. Май үүнийг аваад далд ор” гээд худалдагч эмэгтэй 0.75 гр-ийн архи өнөөх эрд өгөв. Энэ зуур М.Үүлэнсолонго, С.Самъяа хоёр хоорондоо “Нэг үеэ бодоход бараа нь сэргэчихэж. Өмнө нь ирэхэд тэр талын лангуу нь хоосорчихсон байсан” хэмээн ярилцаж байна. Согтуу эртэй хэрүүл хийж дуусаад, худалдагч эмэгтэй “За ямар ажил байна вэ” гэсээр ойртов.

-Нэхэмжлэгч тал чинь үлдсэн өрөө нэг дор барагдуул гээд байна.

-Долоо хоногт 300 мянгыг боломжоороо хийгээд байхад, яасан шуналтай хүн бэ. Бид төлөхгүй гээгүй шүү дээ.

-Нэг сая 600 мянгыг нь нэг мөр өгчих арга үнэхээр алга уу?

-Манайх банкны хоёр зээлтэй. Сард хоёр сая гаруй төгрөг төлдөг. Дээр нь энэ бараануудын ихэнхийг өр тавьж авсан. Эгч нь үнэхээр чадахгүй.

-Дүүгийн чинь цалин буугаагүй юм уу? ( Дүү нь Солонгост ажилладаг ажээ)

-Буугаагүй. Хамт ажилладаг хятадуудтайгаа муудалцаад, тэгээд ч цалингаа өгөхгүй болохоор нь ажлаа сольдог юм бил үү гэж ярьж байна лээ.

хэмээн тэдний ярилцахыг хажуугаас сонсоход хамаатнууд хоорондоо зовлон жаргалаа ярилцаж байгаа мэт. Шийдвэр гүйцэтгэгчид өр барагдуулах хугацаандаа байнга тэдэнтэй холбоотой байдаг болохоор амьдралынх нь хамаг нарийн ширийн асуудлыг нь мэддэг болдог ажээ. “Наад хүүхдийн чинь (мөнгө нэхэмжилсэн тал) үйлс бүтдэг л байгаа даа. Зургаан сая төгрөгөө 12 сая болгож төлүүлж байгаа хэрнээ биднийг утас шөрмөсөөр их дарамтлах юм. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилж хараана. Анхнаасаа тэр эвлэрлийн гэрээ гэгчийг хийх ёсгүй байсан юм. Түүнийг хийж, өөрөө өөрийнхөө толгойг цустсан хүүхэд, манай энэ” гэж ээж нь хэлэхэд “Одоо яахав дээ ээж минь” хэмээн арга барагдан дуугарч байгаа худалдагч эмэгтэйг өрөвдөв. Мөнгө хүүлэгч нараас 10 хувийн хүүтэй зээл авснаасаа болж тэрбээр ийм байдалд оржээ. Ээжийнх нь хэлснээр нөхөр нь архи уудаг, бас зоддог гэнэ. Тиймээс өр тавьснаа хэлээгүй, нэг ёсондоо амьдралаа, тэр олон өр ширээ нуруундаа үүрч яваа эмэгтэй. Энэ үед өөрийн эрхгүй “Айл гэрийн багана, амьдралын ноён нуруу гээд байдаг нөгөө эрчүүд хаана байна” гэж бухимдмаар санагдсан. Өмнөх хоёр айлаас ч эрчүүдийн амьдралд эзлэх байр суурийг огт олж хараагүй. Ер нь бидний орсон долоон айлын дөрвийнх амьдралыг эмэгтэй хүн авч явсан гээд бод л доо. Тэгээд тэд зүгээр нэг өрх толгойлсон эмэгтэйчүүд биш, нөхөртэй, гэвч тэр нь улаан мөнгөний орлогогүй дээрээ архичин. Дээр дурдаад өнгөрсөн, 70 мянган төгрөгийн өр тавиад архи ууж байгаа эрийн ард ч бас нэг эмэгтэй амьдралаа үүрч яваа.

Ийнхүү худалдагч эмэгтэй учир байдлаа хэлж, манай шийдвэр гүйцэтгэгчид ч аль боломжтой хувилбарыг санал болгон ярилцаж байх зуур дөрвөн ч хүн “Тооцоогоо хийх үү” гэж орж ирсэн. Тэд борлуулахаар тавьсан барааныхаа тооцоог хийх гэж ирсэн хүмүүс ажээ. “Өндөр хүүтэй, хувиараа мөнгө зээлдэгчдийг хуулиар хориглочихвол энэ мэт байдал уг нь цэгцэрнэ дээ” гэж М.Үүлэнсолонго хэлсэн.

“Зээл авсан банк бус санхүүгийн байгууллагынхан согтуу ирж сүрдүүлээд, мөнгө авсан”

Түүний бухимдсан гол учир нь зээл авсан банк бус санхүүгийн байгууллагынхнаас болжээ. Тус газраас түүний охин нь зээл аваад, хугацаандаа төлөөгүй учраас шүүхэд шилжсэн юм байна.

Дөрөвдэх айлын нохой сул байсан тул бид машиныхаа сигналыг дуугаргасан нь гэрийн эзний эгдүүг их хөдөлгөжээ. Гэрт нь ороод гарах хүртэл тэрбээр уурлаж, хашгирч, уйлж үзэв. Нэг бодлын түүний бухимдах нь аргагүй ч, нөгөө талаараа учрыг тайлбарлах гэсэн шийдвэр гүйцэтгэгчийг сонсох нь битгий хэл доромжилж хашгичсан нь түүний буруу байлаа. Түүний бухимдсан гол учир нь зээл авсан банк бус санхүүгийн байгууллагынхнаас болжээ. Тус газраас түүний охин нь зээл аваад, хугацаандаа төлөөгүй учраас шүүхэд шилжсэн юм байна. Гэвч шүүхийн шийдвэр гарахаас өмнө тус банк бус санхүүгийн байгууллагынхан нь тэднийд очиж, бүх цахилгаан барааг нь хурааж авсан гэж гэрийн эзэн хэлэв. “Тэр байтугай согтуу ирж 20 мянган төгрөг өг гэж сүрдүүлээд авсан. Ер нь тэднийхэн архи уухаараа л ирдэг. Одоо надад 300 –хан мянган төгрөгийн өр үлдсэн байхад та нар үхсэн тэмээний сэг зулгаасан ноход шиг босч ирж байгаа юм уу” гэж нулимсаа арчин уурсав.  Цахилгаан бараагаа өгөхдөө баримт авч үлдэх ёстой байсныг М.Үүлэнсолонго тайлбарлах гэсэн ч тэрбээр сонсохыг хүссэнгүй, харин ч та нар нөгөөдүүлтэйгээ нийлж мөнгө “идэж” байгаа биз дээ гээд халгаасангүй. Нэг ёсондоо тэрбээр банк бус байгууллага гэх боловсон нэртэй мөнгө хүүлэгчдээс болж хохирсон, тэр нь олон жил дамнасан учраас төрд ч, ер нь хэнд ч итгэхээ больтлоо гутарч бухимдсан, ядарсан нэг тэтгэврийн хөгшин байсан юм.

Эндээс гараад бид гэр хорооллын хоёр ч айлаар орлоо. Эхний айлын гэрийн эзэд эзгүй байсан бөгөөд тэдний ээж, хүү хоёр нь хоёулаа өртэй ажээ. Ээж нь бол хашааны газраа зараад зээлээ төлчих боломжтой аж. Харин хүү нь ажилгүй, орлогогүй, хөрөнгөгүй, ер нь өрөө төлөх боломж тун муутай нөхөр байдаг тухай хоёр шийдвэр гүйцэтгэгч маань толгой сэгсрэн ярьсан. Дараагийн айлын гэрийн эзэн машинаараа хоёр хүн мөргөж гэмтээсэн шийтгэлээ биеэр эдэлж дууссан бөгөөд одоо мөнгөн хэлбэрээр төлөх өр үлдээд байгаа юм байна. Түүний машиныг хэдийнэ битүүмжилсэн, одоо борлуулахаар болжээ. Тиймээс хоёр хоногийн дараа машинаа Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд авчрах үүрэг түүнд өгөөд явлаа.

 “Долоон өөр айл, долоон өөр сэтгэлзүйн цочрол”



XIX хороололд долоо дахь айлдаа оров. Гэхдээ тухайн айл бүртгүүлсэн хаяг дээрээ байгаагүй учраас хороо руу нь орж хайлган, одоо байгаа хаягийг нь олов. Энэ айлын эзэнд шүүхээс нэг сарын баривчилгаатай, торгууль ногдуулах шийдвэр гарсан бөгөөд тэрбээр ялаа Хонхорын хорих ангид эдэлжээ. Энэ тухай тэрбээр ярихдаа “Шүүх дээр би сарын хугацаанд өрөө төлье. Надад битгий ял өгөөч гэж гуйсан ч зөвшөөрөөгүй. Уг нь надад ял өгөөгүй бол тэр хугацаанд би хоёр тендерт оролцох боломж байсан. Хэрэв орсон бол дөрвөн сая төгрөг надад ямар ч асуудал биш байсан” гэв.

-Тэгвэл та шүүх хурлын өмнө яагаад төлөөгүй юм бэ?

-Тэгэхэд надаас арван сая төгрөг нэхэмжлээд байсан. Яг шүүх хурал дээр эцсийн байдлаар хэдийг нэхэмжилж байгаа вэ гэж асуухад дөрвөн сая болгосон юм. Намайг ял авахад, 148-ийн 1-ээр ял өгөхийг одоо л харлаа гэж хүмүүс инээж байсан.

-Одоо та өрөө хэзээ барагдуулж дуусах боломжтой вэ?

-Би саяхан л эмнэлгээс гарлаа. Тухайн үед нь төлөх боломжтой байхад хорьсон, одоо өрөө төл гэдэг чинь буруу. Би нэг сарын хугацаанд лав төлж чадахгүй гэв.

Ийнхүү өглөөхөн нь шийдвэр гүйцэтгэгчийн ажлын тухай ямар ч ойлголтгүй байсан би сурвалжлагийн төгсгөлд долоон айлаас сэтгэлзүйн долоон өөр цочрол авчихсан, нэг ёсондоо тэдний ажлын бэрх хийгээд Монголын амьдралын бараанд толгой сэгсрэхээс өөр дүгнэлтгүйгээр зогсч байлаа. Энэ тухайгаа нөгөө хоёртоо хэлэхэд, “Хэчнээн хүнд ажил ч гэлээ өрөө барагдуулж дууссан хүмүүс чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэхийг сонсоход урамтай байдаг юм. Залуу насны аагаар л бид ажлаа хийдэг. Дээр нь манай хамт олон их нийтэч, бие биедээ үргэлж тус дэм болдог” гэж инээмсэглэн хариулав.

Тэднээс салан явахдаа, “М.Үүлэнсолонгийн хэлсэнчлэн амьдрал үнэхээр баян учраас бидэнтэй зэрэгцэн орших олон ертөнц бүгд өөр өөрийн жаргал зовлонтой байх ажээ” гэх бодолдоо толгой дахин алхав.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 





Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд