loader

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХОЛБООНЫ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ВАЛЕРИЙ БОЯРИНЕВ: “COVID-19” ӨВЧНИЙ УЛМААС ЦАГДАН ХОРИХ ТӨВИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРНЭ ГЭСЭН ТААМАГЛАЛ БИЕЛЭЭГҮЙ

ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албаны орлогч дарга, дэслэгч генерал Валерий Бояринев нь ОХУ-ын хорих анги, цагдан хорих байрны алба хаагчдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан цагдан хорих төвүүд хэрхэн “Covid-19өвчний давалгааг давж гарсан, ямар төрлийн зайн хяналтын төхөөрөмжүүд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн болон цагдан хорих үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн актуудад орсон өөрчлөлтийн талаар хэвлэл мэдээллийн ТАСС агентлагт ярилцлага өгснийг товчлон нийтлэв.

- Валерий Геннадьевич, нийт хорих анги, байгууллагуудын дунд шинээр хоригдогч хүлээн авч, суллах хөдөлгөөн хамгийн их хийгддэг газар бол цагдан хорих байр байдаг. Оросын Холбооны Улсын цагдан хорих байруудын багтаамж дүүрсэн гэдэг мэдээлэл хэр үндэслэлтэй вэ? 

Өнөөдрийн байдлаар Оросын Холбооны Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 209 цагдан хорих төв, 92 цагдан хорих байранд нийт 125,100 хүнийг хүлээн авах боломжтой. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 105,000 мянган хүн цагдан хоригдож байна. Оны эхнээс авч үзвэл цагдан хорих байруудад шинээр хоригдсон 930,000 хүн, суллагдсан 920,000 хүний хөдөлгөөн хийгджээ. Одоогийн байдлаар цагдан хорих байрны багтаамж хэтэрсэн цөөн тооны цагдан хорих байрууд байгаа нь Москвагийн хүрээний бүс нутаг болон Крымийн Бүгд Найрамдах Улсын нутагт байрлаж байна. Цагдан хорих байрны багтаамжийн асуудлыг шийдвэрлэхээр бидний зүгээс бүхий л боломжит арга хэмжээг авч, тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал сүүлийн хэдэн жилүүдэд анх удаагаа нийслэл хотын цагдан хорих байранд хоригдож буй хүмүүсийн тоо бүтэн жилийн турш байрны багтаамжаас хэтрээгүй нь нэг талаар амжилт тогтоосон үзүүлэлт болсон. Учир нь Москва хотын цагдан хорих байрны багтаамжийн асуудал нь бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй гол асуудлуудын нэг юм.   

- Цар тахлын нөхцөл байдал үүссэн энэ үед цагдан хорих байранд өвчний дэгдэлт гаргахгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ? Урьд нийтийг хамарсан хөл хорио хорих анги, байгууллагад тогтоож байсан уу? Хэдэн хүн өвчний халдвар авсан вэ?

Хэрвээ цар тахлын эхний давалгаа өрнөх үед бидний зохион байгуулсан ажлыг дүгнэн үзвэл бусад улс оронд үүссэн нөхцөл байдал эсхүл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтийг айдаст автуулсан, сөрөг таамаглал дэвшүүлсэн хүмүүсийн хүсэн хүлээсэн шиг хоригдогч, хоригдлын дунд өвчний дэгдэлт, нас баралт гаргалгүйгээр хүнд нөхцөл байдлыг бид тун амжилттай даван гарч чадсан. Бидэнд тулгарсан шинэ асуудлыг хэрхэн давж гарсан бэ гэж үү? Тиймээ энэ бүхэн үнэхээр амархан байгаагүй. Гэхдээ ял эдлүүлэх албаны нягт нямбай зохион байгуулалт, байгууллагын бүхий л нэгж, салбарын алба хаагчдын хариуцлагатай, шуурхай үүрэг гүйцэтгэлтээс гадна мэдээж цар тахлын нөхцөл байдал үүссэн цагаас одоог хүртэл эрсдэлтэй, хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын хүчин зүтгэлийн үр дүнд халдварын тархалтыг тогтвортой түвшинд одоог хүртэл хадгалсаар байна. Түүнчлэн цагдан хорих байр, хорих анги, байгууллагад хоригдож буй хоригдол, хоригдогч болон алба хаагчдын дунд өвчний дэгдэлт үүсэхээс сэргийлэх чиг үүрэг бүхий Шуурхай штабыг байгуулж, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлт болон эмчилгээ, оношилгооны ажлыг зохион байгуулах цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажилласан. Үүнд цар тахлын аюулын түвшин, зэрэглэлээс хамааран урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үзүүлэх ажлуудыг нарийвчлан шат дараатайгаар тусгаж өгсөн.  Мөн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа буюу 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй хорих анги, байгууллага бүр өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих зорилгоор цаг тухай бүр нөхцөл байдалд тохирсон шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өвчний улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас ОХУ-ын 45 бүс нутагт Ял эдлүүлэх албаны харьяа 41 цагдан хорих байр, 20 байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийж, хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Зарим бүс нутагт үүссэн цар тахлын халдварын тархалтаас шалтгаалан үе шаттайгаар онцгой нөхцөл байдлын дэглэмд шилжиж, цагдан хорих байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид 14 хоногийн хугацаанд байгууллагаас гадагш гарахгүйгээр байрлан ажиллаж байна. Бие бүрэлдэхүүнийг казармын нөхцөлд байршуулан ажиллах, амрах /унтах/ нөхцөлийг байгууллагын зүгээс бүрдүүлэн халуун хоол, ундаар хангаж байгаа хэдий ч энэ нь тэдний хувьд хүндхэн сорилт болж байна. Онцгой нөхцөл байдал зарласан хугацаанд хоригдогч, хоригдлын гэр бүлийн хүмүүстэй хийх удаан болон түр хугацааны уулзалтыг зогсоосонтой холбоотойгоор маш олон тооны гомдол, шүүмжлэл ирүүлсээр байна. Энэ нь хүмүүсийг халдвараас хамгаалах ганцхан зорилготой зайлшгүй авах ёстой арга хэмжээ болохыг одоог хүртэл зарим хүмүүс ойлгохгүй байгаа нь харамсалтай. Бид түр болон удаан хугацааны уулзалтыг зогсоохоос гадна сэжигтэн, яллагдагчийг хорих ангиас мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зорилгоор түр хугацаагаар гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийж, тусгай журмын дагуу хорих анги, байгууллагад гаднаас нэвтрүүлж байна. Мөрдөгч болон өмгөөлөгчтэй хийх уулзалтыг заавал хувийн хамгаалах хэрэгсэл /амны хаалт/ хэрэглэсэн нөхцөлд шилэн хаалтын цаанаас зохион байгуулж байгаа ба уулзалтын дараа өрөөнд ариутгалын бодис ашиглан халдваргүйжүүлэлт хийж, нян устгах цацраг туяа ашиглан агаарыг ариутгах ажил зохион байгуулагдаж байна. Бусад бүх энгийн байгууллагуудын адилаар Ял эдлүүлэх албаны харьяа нийт салбар, нэгжүүдийг зайнаас халуун хэмжих багажаар хангаж, өдөр бүр алба хаагч, хоригдогсдын биеийн хэмд эмнэлгийн үзлэг, хяналт тавьж хэвшсэн. Бас нэг хийгдсэн томоохон шинэчлэл нь шинээр цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагчийг тусгаарлах хугацааг 14-өөс 21 хоног хүртэл хугацаагаар нэмэгдүүлсэн явдал юм.  Мөн тухайн бүс нутаг дахь байгууллагын удирдлагуудад нь хорих өрөөний ариутгал цэвэрлэгээ, хоол бэлтгэх, хооллох газар болон усан хангамжийн аюулгүй байдал, алба хаагч, хоригдогсдын дунд аюулгүйн зай барих, амны хаалт хэрэглэх ажилд хяналт тавих ажлыг биечлэн хариуцаж байна.

               Энэхүү өргөн цар хүрээтэй ажлын үр дүнд ОХУ-ын ял эдлүүлэх албаны харьяа 11 хорих анги, байгууллагад ял эдэлж, цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, хоригдлын дундаас Covid-19 өвчний тохиолдол бүртгэгдээгүй. Үүнд Ингуш, Чечен, Карачаево-Черкессийн Бүгд Найрамдах Улсууд, Иванов, Самар, Курган, Воронеж, Тамбовын газар нутгуудад байрлах нэгжүүд орж байна. Цар тахал үргэлжилсэн нийт хугацаанд улсын хэмжээнд сэжигтэн, яллагдагч, хоригдлын дундаас лабораторын шинжилгээгээр шинэ төрлийн коронавирүсээр өвчилсөн нь батлагдсан 1591 тохиолдолд бүртгэгдсэн ба үүний 590 тохиолдолд нь цагдан хорих байрнаас илэрсэн. Уг өвчнөөр өвчилсөн 1 хоригдогчийг хугацаа алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн боловч нас барсан харамсалтай явдал гарсан.  2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусээр халдварласан хоригдогч, хоригдлуудын 91.2 хувь буюу 1452 хүнийг бүрэн эмчилсэн бол 138 хүн үргэлжлүүлэн эмчилгээнд хамрагдаж байна.

          - Цар тахлын нөхцөл байдал нь алсын зайнаас ажиллах асуудлыг хүчтэй хөндөж гаргаж ирсэн. Ял эдлүүлэх албаны зүгээс техник, технологи ашиглан уг асуудлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэр бэлтгэлтэй байгаа вэ?

              Бидний зүгээс хоригдож байгаа этгээдүүдтэй биечилсэн харилцаа үүсгэх харилцааны давтамжийг бууруулах зорилгоор хорих анги, байгууллагын техник, тоног төхөөрөмжид системтэйгээр өөрчлөлт хийж, тэднийг хүлээсэн үүргээ тодорхой зайнаас ямар нэгэн саадгүйгээр биелүүлэх боломжийг бүрдүүлэн халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулсан. Өнөөдрийн байдлаар цагдан хорих байруудад ашиглагдаж буй нийт 47,000 хяналтын телекамерыг хамгаалалтын нэгдсэн систем болон хяналтын төвүүдэд бүрэн холбож, сэжигтэн, яллагдагч, хоригдолд шууд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хорих өрөө болон оператор гэсэн 2 талт харилцааг хөгжүүлэх зорилгоор анги, байгууллагуудыг тоног, төхөөрөмжөөр хангах ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 40 цагдан хорих байр, 3 ганцаарчлан хорих анги /гяндан/-г бүрэн тоноглож дууссан байна.  Телекамерын тоног, төхөөрөмж нь зайн хяналт тавих боломжийг бүрдүүлэхээс гадна хорих өрөөнд хяналт тавихаар томилогдсон залуу алба хаагчдыг ажлын туршлага хуримтлуулах, зарим алба хаагчдыг түр хугацаагаар ажлаас чөлөөлөн өөр ажил гүйцэтгүүлэх боломж үүсгэдэг ба үндсэндээ хувь хүний ажлын ачааллыг бууруулах гол давуу талтай.

              Цар тахлын үел яллагдагчийг шүүх хуралдаанд оролцуулах асуудал нь бидэнд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудын нэг болоод байна. Ялангуяа энэ нь Москва, Санкт-Петербург болон бусад томоохон хотуудын цагдан хорих байранд хамааралтай асуудал юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар улсын бүх цагдан хорих байр дүрс бичлэгийн тоног төхөөрөмж ашиглан шууд онлайнаар шүүх хуралдаанд бүс нутаг хамаарахгүйгээр оролцох боломжтой болоод байна. Үүний үр дүнд бие бүрэлдэхүүний ажлын ачаалал буурч, яллагдагчийг шүүхийн зааланд хуяглан хүргэх шаардлагагүй болсон нь халдварт өвчин тархах эрсдэлийг бууруулж байна.

  - Хоригдож буй этгээдүүдийн биечилсэн уулзалтыг хязгаарласан ч гэсэн бусад байдлаар ар гэртэйгээ холбоо барих боломж байгаа юу?

  Мэдээж тэгэлгүй яахав. Ганцхан утсаар холбогдохоос ч өөр боломж байна. Гэр бүлийн хүмүүсийнхээ дүрс бичлэгийг харж, ярилцах видео уулзалт хийх боломжтой. Байгууллагын хэмжээнд видео дуудлага хийх боломжтой нийт 700 төхөөрөмж ашиглагдаж байгаагийн 100 ширхэг нь цагдан хорих байруудад суурилагдсан байгаа. Мөн Ял эдлүүлэх албаны харьяа 49 хорих анги, байгууллага, 17 бүс нутгийн нэгжид өмгөөлөгч, мөрдөн байцаагч нарт зориулсан уулзалтын цахим бүртгэлийн системийг нэвтрүүлээд байна. Энэхүү технологи нь өмгөөлөгч, мөрдөн байцаагч нарыг цагдан хорих байранд хоригдож буй сэжигтэн, яллагдагчтай ажлын 22 өдрүүдийн аль нэгэнд уулзалт товлох, цуцлах боломжийг бүрдүүлдэг. Энэ системийн тусламжтайгаар аль хэдийн 10,000 гаруй уулзалтыг зохион байгуулснаас талаас илүү хувийг өмгөөлөгчийн хүсэлтээр хийсэн байна.

- Цагдан хоригдож буй хүмүүсийн зүгээс амиа хорлох үйлдэл хэр их гардаг вэ?  

 Харамсалтай нь цагдан хорих байруудад суурилуулсан телехяналтын систем болон сэтгэл зүйчдын амиа хорлохоос урьдчилан сэргийлэх идэвхтэй ажиллагааны үр нөлөөг үл харгалзан хоригдогчдын зүгээс амиа хорлох бүх оролдлогыг таслан зогсоох боломж одоохондоо байхгүй байна. Учир нь хүн торны цаана хоригдсон тохиолдолд дадал, зуршил болсон түүний амьдралын хэв маяг үгүй болдог. Зарим хүмүүс үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж, гэмшдэг бол зарим хүмүүс олон жилийн хорих ялаас айдаг, харин зарим нэгнийг нь гэр бүл, ойр дотны хүмүүс нь орхиж, харилцаагаа тасалдаг. Энэ бүх сэтгэл санааны хямрал, орчны өөрчлөлтийг харамсалтай нь хүн болгон даван туулж чаддаггүй.  Бид энэ бүхнийг ойлгож, амиа хорлох үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарал хандуулан ажилладаг.  Сэтгэл зүйн алба нь нэг талаар цагдан хорих байранд амиа хорлох эрсдэлтэй хоригдогч нарыг олж илрүүлэх үүрэг гүйцэтгэж, бидний зүгээс эрсдэл өндөртэй хоригдогч нарын хөдөлгөөнд биечилсэн болон телекамерын хүч нэмэгдүүлсэн хяналтыг тавьж ажиллаж байна. Сэтгэл зүйчид нь хоригдлын сэтгэл зүйн байдлыг тодорхойлохоос гадна гаргасан алдаагаа ухамсарлаж ойлгох, өөрийгөө засаж, хүмүүжүүлэх, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чиглэлээр зөвлөгөө өгч, сэтгэл зүйн засал хийдэг. Үүний үр дүнд сэжигтэн, яллагдагч, хоригдлын дунд амиа хорлох үйлдэл 2013 оны байдлаар 1000 хүн тутамд 0,61 хувь байсан бол 2019 онд 1000 хүн тутамд 0.51 хувь болж буурсан.

- Цагдан хорих байранд ямар төрлийн зөрчлүүд түгээмэл үйлдэгддэг вэ?

 Сэжигтэн, яллагдагч, хоригдлын зүгээс цагдан хорих үйл ажиллагааны журмыг зөрчсөн бүх төрлийн зөрчилд ОХУ-ын хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэдэг. Би хорих ангийн алба хаагч руу хүч хэрэглэн халдсан эсхүл халдахаар заналхийлсэн, доромжилсон зэрэг байгууллагын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн асуудлын талаар хөндмөөргүй л байна. Энэ талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч төдийлөн гаргадаггүй гэдгийг хүлээн зөвшөөрнө биз дээ. Тэгсэн хэдий ч энэ төрлийн зөрчлийн тоог 2020 оны эхний 9 сарын байдлаар судлан үзэхэд өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсч, /2019 оны эхний 9 сард нийт 514/ 590 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс 244 нь хүч хэрэглэсэн халдлага бөгөөд 10 удаа алба хаагч руу бүлэглэн халдаж, 61 алба хаагчийн биед гэмтэл учруулжээ. Үлдсэн 346 зөрчил нь алба хаагчийг доромжилсон, заналхийлсэн үйлдэл байна. Цагдан хорих байранд энэ оны эхний 9 сарын байдлаар алба хаагч руу халдсан 50 /2019 онд 59/, доромжилсон 33, заналхийлсэн 17 удаагийн үйлдэл бүртгэгдсэн. Мэдээж дээрх бүх үйлдлүүдийг баримтжуулан материалыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

- Өнгөрсөн жилүүдэд цагдан хорих үйл ажиллагаа тэр тусмаа ахуй нөхцөл, хангалтын /хоол, хувцас г.м/ эд зүйлстэй холбоотойгоор мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүд хуучирсан тул шинэчлэх шаардлагатай гэдэг асуудал нэг бус удаа хөндөгдсөн. Ойрын хугацаанд өөрчлөлт хийгдэх болов уу?

Өнөөдрийн байдлаар цагдан хорих байрны дотоод журмыг шинэчлэн найруулах цогц арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүгээр сэжигтэн, яллагдагчийг хорих байрны ахуй нөхцөлийг орчин цагийн бодит нөхцөл байдалтай уялдуулан сайжруулах асуудлууд хэлэлцэгдэж байгаа. 2018 оны 5 дугаар сард Дотоод журамд хийгдсэн өөрчлөлтөөр цагдан хорих байрны ахуй нөхцөлийг сайжруулах зорилгоор хорих өрөөнд агааржуулалтын төхөөрөмж /сэнс/, зурагт, хөргөгч байлгах боломжийг судлан зурагт, хөргөгчийг эмэгтэйчүүд болон насанд хүрээгүйчүүдийн өрөөнд суурилуулахаар шийдвэрлэсэн.  Мөн ОХУ-ын Ял эдлүүлэх албанаас цагдан хорих байранд хоригдож буй хоригдогч, аж ахуйн үйлчилгээнд хөдөлмөрлөж буй болон бусад хорих ангиудаас шилжин ирсэн хоригдлуудыг үйлдвэрлэлийн чиглэлээр цагдан хорих байранд ажиллуулах боломж, нөхцөлийг бий болгохоор хуулийн санал боловсруулан бэлэн болгосон бөгөөд Засгийн газар болон бусад байгууллагууд уг асуудлыг дэмжинэ гэж найдаж байна. Хуульд өөрчлөлт оруулах уг төсөл нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн барагдуулах ажлыг хурдасгах, сэжигтэн, яллагдагч, хоригдлыг цалинтай хөдөлмөрт хамруулах, үйлдвэрлэлийн дотоод орлогоор хорих байрны нөхцөл байдлыг сайжруулах зэрэг олон давуу талтай.

- Цар тахлаас үүдэлтэй аюул заналхийллийн улмаас хууль, эрх зүйн акт баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан уу?

Цар тахлын үед бий болсон нөхцөл байдал, туршлагаас үүдэн Ял эдлүүлэх албаны зүгээс “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх тухай” болон “Гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих тухай” ОХУ-ын хуульд өөрчлөлт оруулж, сэжигтэн, яллагдагчийг өөрийн өмгөөлөгч болон бусад хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий этгээдтэй хийх уулзалтыг /техникийн тусламжтайгаар/ цахим хэлбэрээр зохион байгуулах саналыг хүргүүлсэн. Түүнчлэн цар тахал, гоц халдварт өвчин гарсан тохиолдолд онцгой нөхцөлд шилжин ажиллах асуудлыг “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх тухай”, “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай”, “Хорих ял эдлүүлэх чиг үүргийг гүйцэтгэх байгууллага, газрын тухай” хуулинд нэмэлтээр тусгах хуулийн төслийг боловсруулаад байна. 

 Эх сурвалж: https://tass.ru/interviews/9871521

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд