loader

Хурандаа А.Намсаманд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг сайжруулах, хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлээд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил болон хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсамандтай ярилцлаа.


                Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр өмнө хийгдсэн болон одоо хийгдэж байгаа ажлын талаар яриагаа эхлэе?

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайжруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах ялангуяа төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн төлбөр төлөгчдөд хүлээлгэх хариуцлагыг сайжруулах буюу чангатгах зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлсэн. Мөн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өдөр тутам хэрэглэгддэг дүрэм, журмуудыг шинэчлэх, сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон. Энэ хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнтэй хамтран судалгаа хийж, уг судалгааны дүнг үндэслэн дүрэм, журмуудыг шинэчлэн батлуулсан нь зохих үр дүнгээ өгч эхлээд байна. Цаашид мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгаа, шинжилгээ хийх, ажил эрчимжүүлэх аян, арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ажиллахаар  төлөвлөөд байгаа.

Эрх зүйн орчинг сайжруулж, өдөр тутам хэрэглэгддэг дүрэм, журмуудыг шинэчлэн батлуулсан нь зохих үр дүнгээ өгч байна гэж та хэллээ, тухайлбал ямар зохиуулалт, өөрчлөлтийг хийсэн бэ?

Шийдвэр гүйцэтгэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа болох төлбөр төлөгчийн хөрөнгө, орлогыг олж илрүүлэх, хөрөнгө битүүмжлэх, хураах, хураасан хөрөнгөнд үнэлгээ тогтоолгох гэх мэт албадлагын арга хэмжээнүүдийг тухай бүрт нь шийдвэр гүйцэтгэгч нар цахим бүртгэл давхар хөтөлж, бүртгэлийг Шийдвэр гүйцэтгэх албанд өдөр бүр цахимаар ирүүлдэг болсон. Ингэснээр шийдвэр гүйцэтгэгч нар ажлаа аль аймаг суманд хэрэгжүүлж байгаагаас үл хамаарч зайнаас хянах, заавар, зөвлөгөө өгөх ажил илүү шуурхай болсон. Үүний үр дүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нийт гүйцэтгэвэл зохих бодит биелэлт өмнөх онуудын мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн өндөр үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 8 дураар сарын 05-ны өдрийн А/130 тоот тушаалаар, мөн Ерөнхий гүйцэтгэгчийн албан даалгавраар хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх, тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийгчдэд оногдуулах хариуцлагыг сайжруулах ажлыг тус тус эхлүүлж, явц болон үр дүнд нь хяналт тавин ажиллаж байна.

Төлбөр төлөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчдөд хүлээлгэх хариуцлагыг сайжруулах ажлын үр дүн ямар байгаа вэ? 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн төлбөр төлөгчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээгманай байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчид эрүүгийн болон зөрчлийн хуулинд заасан хариуцлага оногдуулах арга хэмжээ авдаг.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш хөрөнгө  бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй нийт 1480 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчдээс 196 зөрчлийн холбогдогч болох төлбөр төлөгчид хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж торгож,  нэг төлбөр төлөгчид хорих ял оногдуулах арга хэмжээ аваад байна.

Энэ дашрамд хэлэхэд хүүхдийн тэтгэлэгээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй төлбөр төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар 30 хүртэл хоногоор баривчлах шийтгэл оногдуулдаг болсон. Зарим цөөнгүй хүүхдийн тэтгэлэг төлөгчдийг энэ үндэслэлээр баривчлуулахаар холбогдох байгууллагад хандаад байгааг бусад төлбөрөө төлөхгүй байгаа тэтгэлэг төлөгчдөд хандан анхааруулмаар байна.

Мөн ийм хуулийн зохицуулалт шинээр үйлчилж эхэлснийг, шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэх боломжтойг, санал хүсэлтээ манай байгууллагад гаргах эрхтэй гэдгийг, хамтарч ажиллах шаардлагатай байгааг хүүхдийн тэтгэлэг авагч нарт хандаж сануулж хэлмээр байна.

          Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд аль аль талын хамтын ажиллагаа чухал гэдгийг ойлголоо. Энэ талаар иргэдэд хандаж сануулж, анхааруулж хэлэх юу байна?

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн төлбөр барагдуулах албадлагын арга хэмжээг хуулийн дагуу боломжит бүх арга хэлбэрээр хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна. Байгууллагад хандан гүйцэтгүүлэхээр ирүүлж байгаа гүйцэтгэх баримт бичгийн нэг хүрэхгүй хувь нь Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж буюу шүүхийн шатанд хөрөнгө битүүмжлүүлэх захирамж гаргуулан ирж байгаа асуудал юм. Энэ нь багагүй хүндрэл учруулж байгаагаас гадна шүүхийн шийдвэр биелэгдэхгүй удах нөхцөлийг бий болгоод байна. Шүүхийн шатанд нэхэмжлэгч бүр хариуцагчийн хөрөнгийг битүүмжлүүлдэг байх юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд харьцангуй ахиц гарах нь дамжиггүй юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд